Нэмэгдсэн: 2018-04-23 15:50:00

СЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимээс 25 жилийн ойгоо угтан “Монгол Улсын санхүүгийн зах зээл - хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Санхүүгийн зохицуулах хороо тус эрдэм шинжилгээний хурлын хамтран зохион байгуулагчаар Монголбанк, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хамт ажиллаж байна.

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан хэлэлцэх, цаашдын хөгжлийн гарч, шийдлийг тодорхойлох зорилготой тус хурлыг их, дээд сургуулиуд, судалгааны болон төрийн байгууллагууд, салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн хүрээнд явуулах бөгөөд тэдний санал бодлыг бодлого боловсруулагч нар болон олон нийтэд хүргэх юм.

Эрдэм шинжилгээний хурал хоёр хэсгээр зохион байгуулагдах бөгөөд багш, судлаачдын хурал мөнгөний бодлого, хөрөнгийн, даатгалын болон санхүүгийн зах зээл гэсэн чиглэлүүдийг, оюутнуудын салбар хурал даатгалын зах зээл гэсэн нэгэн сэдвээр зохиогдоно. Иймд шинжлэх ухааны үндэслэлтэй, асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн, практик ач холбогдол бүхий илтгэл бичиж, үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцохыг нийт эдийн засагч, санхүүч эрдэмтэд, судлаач нар, багш, оюутнуудад уриалж байна.

Хуралд оролцогчид дээрх өгөгдсөн сэдвүүдээр Монгол Улсын санхүүгийн зах зээлд тулгамдсан асуудлууд, түүний гарц шийдлийг тодорхойлсон эрдэм шинжилгээний илтгэл бичиж, хураангуйг тавдугаар сарын 11-13-нд, бүрэн эхийг 18-20-нд СЭЗДС-ийн хурал зохион байгуулагч нарт ирүүлэх ажээ.