Нэмэгдсэн: 2018-03-19 13:42:00

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance)-ний 2018 оны даргаар сонгогдлоо. Энэхүү сүлжээ нь даатгалын бодлого боловсруулагч, зохицуулагчдын хамтын бүтэц бөгөөд сүлжээний гишүүдийн саналаар дарга, дэд даргыг жил тутам шинээр сонгодог юм. Энэ удаагийн сонгуульд манай улстай Шри Ланка, Пакистан Улсын зохицуулагч байгууллагын удирдлагууд нэр дэвшиж өрсөлдсөн юм.

ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс хэрэгжүүлж буй "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөрийн хүрээнд бий болгосон дээрх сүлжээнд өнөөдрийн байдлаар манай улсаас гадна Индонез, Вьетнам, Пакистан, Филиппин, Балба, Шри Ланка улсууд байнгын гишүүнээр хамрагдаж байна.

MEFIN-ий ерөнхий удирдлагыг Бүс нутгийн Удирдах хороо гүйцэтгэх бөгөөд гамшгийн эрсдэлийн даатгал, хяналт, зохицуулалт, бизнесийн загвар, чадавх бий болгох болон мэдлэгийн менежментийн асуудлуудыг эрхэлсэн ажлын хэсгүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, Олон улсын зөвлөлгөөн, семинар, хэлэлцүүлэг явуулах, туршлага судлах зэрэг олон арга хэлбэрийн ажил явуулдаг бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард хөтөлбөрийн Төр, хувийн хэвшлийн III зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.

Сүлжээний ээлжит Олон улсын зөвлөлгөөн өнөөдөр Шри Ланка Улсын Коломбо хотноо эхэлж буй бөгөөд Төр, хувийн хэвшлийн V зөвлөлдөх уулзалт энэ сарын 21-22-ны өдрүүдэд болно.

 

 

____________________________________________________