Нэмэгдсэн: 2018-03-02 12:31:00

Санхүүгийн зохицуулах хороо нь банкнаас бусад санхүүгийн салбаруудад харилцагч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй. 2017 оны жилийн эцсийн байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь 906,116 данс, 143,244 холболтын дансанд нийт 320 ХК-ийн 1.4 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 27.7 тэрбум ширхэг үнэт цаас хадгалагдаж байна. Эдгээрийг Монгол Улсын 901,248 иргэн, 2624 аж ахуйн нэгж, гадаадын 2057 иргэн, 187 аж ахуйн нэгж эзэмшиж байна.

Үнэт цаасны зах зээлд оролцож байгаа дээрх 1.0 сая орчим хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн эрх хангагдах гол бүтэц нь Хувьцаат компани (ХК)-уудын Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ) юм. Компанийн тухай хуулийн дагуу ХК-ууд ХЭХ-аа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хуралдуулах ёстой. Ингэхдээ хувьцаа эзэмшигчдэдээ урьдчилан сайтар мэдээлж, тэдний оролцоог хангаж зохион байгуулах үүрэгтэй бөгөөд энэ талаар дээрх хуульд тодорхой заасан байдаг. Харамсалтай нь, ХК-ууд ХЭХ-аа мэдэгдэх, зарлах, мэдээлэх, дахин мэдээлэх болон хурлын үйл ажиллагааг тайлагнах талаар алдаа гаргах, цаг хугацааг баримтлахгүй байх явдал цөөнгүй гарч буйг Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа анхааруулж байна.

Компанийн тухай  болон холбогдох бусад хуулийн дагуу Хорооноос батлан мөрдүүлж буй “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих тухай журам”-д дээр дурдсан үйл ажиллагаа, тэдгээрийн цаг хугацааг нэг бүрчлэн нарийвчлан заасныг зургаар харууллаа. Энэ мэдээллийг Хороо цахим хуудсаараа өмнө мэдээлж байсан бөгөөд хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдад сануулах үүднээс дахин мэдээлж байна.