Нэмэгдсэн: 2018-03-01 12:47:00

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Гавъяат эдийн засагч хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн “МИГ ДаатгалХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Оршихтой ярилцлаа.

 Төр, түмэндээ хийж бүтээсэн ажил үйлсээрээ үнэлэгдэх гэдэг хэний ч хувьд сайхан. Монгол улсын гавьяат эдийн засагч алдрыг хүртэх үеийнхээ сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцана уу?

Мэдээж, сайхан байлгүй яахав. Би санхүүгийн салбарт 40 гаруй жил ажилласны 26 жилд нь даатгалын салбарт ажилласан. Энэ салбарын хөгжилд оруулсан өчүүхэн хувь нэмрийг маань Санхүүгийн зохицуулах хорооноос батламжлан тодорхойлсны дагуу Төр үнэлж, Гавъяат эдийн засагч гэх энэ хүндтэй шагналыг олголоо. Миний даатгалын салбарт оруулсан хувь нэмэр, гаргасан амжилт бол хамт олны маань, ар гэрийнхэн, найз нөхөд, манай зах зээлд ажиллаж байгаа мянга, мянган залуучуудын дэмжлэгээр бий болсон юм. Манай зах зээлийг бодлогоор зохицуулж, хянан чиглүүлж байгаа Санхүүгийн зохицуулах хорооны дэм тулгуур ихээхэн нөлөөлсөн гэдгийг хэлмээр байна. Би энэхүү нэр алдрыг ажлын амжилтаараа хариулна. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргаж буй шийдвэр, үйл ажиллагаанд өөрийн мэргэжлийн санал дүгнэлтээ илэрхийлж, хамтарч ажиллахад ямагт бэлэн байгаа.

-Төрийн энэ эрхэм хүндтэй шагналыг хүртэхэд Даатгалын салбарт таны оруулсан олон жилийн нөр их хөдөлмөр шингэсэн нь гарцаагүй юм. Тэдгээрээс онцлон дурьдвал?

Тэр бүхнийг яаж тоочиж барах вэ. Монгол Улсад арилжааны даатгалын тогтолцоо бүрэлдэх, хөгжиж өдий хүрэх бүхий л үйл явцад нь гар бие оролцож ирлээ. Арилжааны даатгалын тухай, даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай болон даатгалтай холбоотой хуулиуд анх боловсруулахаас нь эхлээд л ажилласан. Тулгуур суурь хуулиудыг болосвруулах бүх ажлын хэсэгт орж ажиллаж байлаа. Мөн даатгалын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулсан.

-Даатгалын салбарт таны санаа зовниж, зохицуулалтад нь анхаарах шаардлагатай зүйлс юу байна вэ?

Манай улсад арилжааны даатгал тодорхой хэмжээнд хөгжиж байна. Зах зээлийн тогтолцоонд шилжин орсноор хууль эрх зүйн орчин бүрдэж, улмаар маш олон даатгалын компаниуд байгуулагдаэ, өрсөлдөөн бий болсон. Энэ хэрээр даатгуулагч, аж ахуйн нэгж, иргэд даатгалын ач холбогдлыг ойлгож эхлээд байна. Гэхдээ иргэдийн даатгалын боловсролыг дээшлүүлэх шаардлага чухлаар тавигдсан хэвээр байна. Жолоочийн хариуцлагын даатгал бий болсноос хойш иргэд даатгалыг багагүй ойлгодог болсон. Мөн бүгд даатгуулдаг болсон зэрэг сайн үр дүн гарсан. Даатгагч, даатгуулагчийн хамтын ажиллагааны боловсролыг дээшлүүлэх, даатгалын ач холбогдлыг ойлгуулах талаар ажиллаж, иргэддээ хүрч үйлчлэхэд анхаарах нь шаардлагатай. Энэ үүднээс манай “МИГ даатгал” ХХК аж ахуйн нэгж, иргэдэд даатгалын мэдлэг олгох сургалтууд явуулж байгаа. Хууль эрх зүйн орчин бол үндсэндээ бүрдчихсэн, зохицуулалтын хувьд ч холбогдох дүрэм, журмууд боловсрогдоод, мөрдөгдөөд явж байгаа. Гэхдээ манай улсад даатгалын тухай хууль хариуцлагын харилцаагаар зохицуулагддаг тул хариуцлагын тухай хуулийг гаргах шаардлага бий. Түрүүчээсээ гараад эхэлчихсэн малын эрсдэлийн даатгал, мэргэжлийн хариуцлагын даатгал гэх мэт байна.

-Салбарынхаа өнөөгийн төлөв байдал, ирээдүйг хэрхэн дүгнэж байна вэ?

Ер нь зах зээл хөгжсөн орнуудыг харж байхад авч явдаг гол салбар нь Даатгалын салбар байдаг. Манай оронд энэ төрлийн ойлголт, санхүүгийн чадавхи одоогоор жаахан муу байна. Иргэдийн амжиргааны түвшин доогуур байгаагаас амьдралын төрлийн даатгал хүндрэлтэй байгаа. Хорооноос 2025 он хүртэл хийж хэрэгжүүлэх хөтөлбөр зорилт дунд даатгалын салбарт хийх шаардлагатай зүйлс орчихсон төдийгүй төслүүдийг нь бэлдчихсэн байна. Одоо даатгалын багц дүрэм, даатгалтай холбогдолтой Хорооноос гаргасан журмуудыг шинэчлэх ажил хийгдээд явж байгаа. Энэ бүхнээс харахад салбарын төлөв байдал улам сайжирч байгаа нь харагдаж байгаа. Тиймээс би даатгалын салбарын ирээдүйг маш өөдрөгөөр харж байгаа шүү. Цаашид улс орон хөгжихийн хэрээр банк бус санхүүгийн салбар, даатгал, хөрөнгийн зах зээл маш хурдацтай хөгжинө гэдэгт би итгэлтэй явдаг. Хорооны 2017 оны тайлангаас харахад банк бус санхүүгийн бүх салбарууд өсөлттэй гарсан нь олзуурхууштай байсан. Нийт даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ өмнөх оноосоо 17.4 хувиар өсөж 244.7 тэрбумд болсон байна. Мөн давхар даатгалын компанийн нийт хөрөнгийн жилийн өсөлт бусад даатгалын төрөлтэй харьцуулахад хамгийн өндөр буюу 23.8 хувиар өсч 43.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгө салбарын нийт хөрөнгийн 79.1 хувийг, харин урт хугацааны даатгалын компанийн нийт хөрөнгийн хэмжээ 3.3 хувиар өсөж, нийт хөрөнгийн 3.2 хувийг эзэлсэн байх юм. Даатгалын компаниуд энэ онд нийт 144.3 тэрбум төгрөгийн хураамжийн орлоготой ажилласан байна. Үүнээс гадна 2016 оны жилийн эцэст хураамжийн орлого хоёр хувийн өсөлттэй байсан бол энэ оны эцэст 26.1 хувь болж өссөн нь амжилттай гарчээ. Салбарын нийт нөөц сангийн хэмжээ 118.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оноос даруй 26.9 хувиар өссөн зэргээс харахад Даатгалын салбарын маань ирээдүй илүү сайн хөгжинө гэдэг итгэл төрүүлж байгаа.

 

Эх сурвалж: "Өдрийн сонин" 2018.02.28. №044 (5887)