Нэмэгдсэн: 2018-02-15 14:42:00

Хөгжлийн суурь, дэвшлийн багана болсон санхүүгийн салбарынхан болон тэнэгэр сэтгэлт, уужим ухаант монгол зондоо улирах, шинэдэхийн учир бэлгэдэлт “Цагаан сар”-ын хотол баясгалант их цэнгэлийн мэндийг дэвшүүлж, XVII жарны “Тийн унжлагат” хэмээх нөхөрсөг шар нохой жилдээ хотлоороо арвидан дэлгэрч, бялхан жаргахын ерөөл өргөе.

Эртний түүхт Монгол түмний зуун зуунаар уламжлан хадгалж, өрнүүлэн эрхэмлэсэн сар шинийн ёслол төгөлдөр баяр бол улс даяараа эвлэн найрсаж, эрэмбэ жудагаа танин, хүндэтгэл бэлгэдлээр сэтгэлээ цэнгүүлэх утга гүн, учир арвин сайхан баяр билээ. Сар шинийн өдрүүдэд хүн бүхэн хар, буруу бодол, үйл бүхнээ хуучин жилдээ үлдээгээд сайн сайхнаа хэлэлцэн, амжилт, ололтоо өгүүлэлдэн, өөдрөг сайхныг бодож, өрнөн дэвшихийг сэтгэн, ураг элгэнээрээ хуран бялхаж, учрал жаргалаар хамтдаа баясах учиртай.

Шилжрэн буй тахиа жил Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн амьдралд чамламгүй өсөлт, цаашид улам арвидахын итгэл, эрмэлзэл төрүүлсэн сайхан жил болж өнгөрлөө. Хороо зохицуулж буй зах зээлүүддээ бодит үр дүнг эрэлхийлсэн, бэрхшээлийг сөрсөн бодлого явуулснаар үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарууд 25 хувийн өсөлттэй гарлаа. Эерэг, сайн үр дүн, өсөлт хөгжлөө бид цаашид тогтвортой хадгалах, улам сайжруулах зорилт тавьж байна.

Сайхан сэтгэл, эерэг бэлгэдлийн гүн ухаант ард түмний минь заяа, гарч байгаа шинэ жилийн тохиол түшин эдийн засагч, санхүүчид та бидний болон монгол хүн бүхний санаж сэдсэн бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Элгэн ургаараа энх амгалан, элбэг хангалуун сайхан шинэлээрэй.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН

XVII жарны “Алтан унжлагат” улаагчин Тахиа жилийн битүүн