Нэмэгдсэн: 2018-02-10 09:16:00

- Биржийн лангуун дээрх бүтээгдэхүүний сонголт нэмэгдэх нь -

 

Хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүн болох хувьцаа, бондын арилжаа энэ он гарсаар улам эрчимжих төлөвтэй байна. Өмнөх жилийн өсөлтөө өөд нь татах жил бол 2018 он. Компаниуд эхнээсээ нэгж хувьцаандаа хэчнээн төгрөгийн ногдол ашиг тараахаа урьдчилан мэдэгдэж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд өрөөл бусад нь хөрөнгө босгохоо зарлаж, бэлтгэл ажилдаа орчихсон байна. Унтаа байсан хөрөнгийн зах зээлд хувьцааны танилцуулга 2017 оны адил хөвөрч, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх уулзалтууд ирэх өдрүүдэд өрнөх нь.

"Сүү" хувьцаат компани 2017 онд “Сүү бонд” гаргаж, зургаан тэрбум төгрөгийг амжилттай босгосон. Энэ нь хамгийн өндөр дүнтэй компанийн өрийн хэрэгсэл болж байлаа. Тэрчлэн хөрөнгийн биржид хамгийн анхны мэдээллийн технологийн компани болж бүртгэгдсэн “АйТүүлс”-ийн үнэт цаасыг худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ гурав дахин буюу нийт 3.9 тэрбум төгрөгт хүрсэн. Ингэснээр дотоодын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компаниар тодорсон. Энэ жимээр замнах компаниудад дээрх бодит түүхүүд итгэл нэмлээ. Хөрөнгийн зах зээл бол төсөлтэй хүнийг хөрөнгө оруулагчидтай холбодог дэд бүтэц. Энэ талбарт сүүлийн 27 жилийн хугацаанд 20 гаруйхан компани IPO хийсэн. Чамлах үзүүлэлт боловч чансаа ахиж байгааг дуулгая. Энэ онд биржийн лангуун дээр хэд хэдэн бүтээгдэхүүн шинээр нэмэгдэх гэж байна.

Тухайлбал, хувьцаагаа гаргахаар ажиллаж байгаа “Лэндмн ББСБ ” хоёр хоногийн өмнө эрхээ авсан бол “Монгол базальт” компани олон нийтэд хувьцаагаа санал болгохоо албан бусаар мэдэгдсэн. Нийт хувьцааныхаа 20 орчим хувийг хөрөнгийн зах зээлд гаргахаар тооцож буй тус компани Санхүүгийн зохицуулах хорооны хариуг чих тавин хүлээж сууна. Санхүүгийн үйлчилгээгээ олон улсад тэлэхээр зорьж байгаа “Лэндмн ББСБ ” компанийнхаа 25 хувийг хөрөнгө оруулагчдад арилжиж, таван тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөв. Монголоос гадна Филиппин, Япон, Малайз зэрэг оронд үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Лэндмн ББСБ ”-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг СЗХ бүртгэж, нийт хувьцааны 25 хувь буюу 200 сая ширхэг хувьцааг тус бүр 25 төгрөгөөр олон нийтэд санал болгох юм. Эдгээрээс гадна даатгалын салбарт ажиллаж байгаа ууган компаниудын нэг “Ард даатгал” энэ онд багтаж IPO хийхээр төлөвлөж байна. Даатгалын үндсэн үзүүлэлтээр салбарынхаа эхний тавд жагсдаг тус компани хувьцаа гаргах ажилдаа хэдийнэ гүн оржээ. Мөн “Ард Кредит” банк бус санхүүгийн байгууллага хөрөнгийн зах зээлд хүч үзэхээр шийдсэн байна.

Өнгөрсөн онд хоёр IPO шинээр үнэт цаасны зах зээлд гарч, захиалга нь 200-300 хувиар давж байсан. Үүнийг санаанд оромгүй амжилт гэж тодотгосон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ өнөөдөр 2011 оны эдийн засгийн өндөр өсөлттэй үетэй дөхөж очоод байна” хэмээн онцолж байлаа. Эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчдын итгэл дээшилж буй энэ үед хөрөнгийн зах зээлд шинэ тоглогчид мэндэлж эхэлж байна. Тэрчлэн энэ онд анхны давхар бүртгэлтэй компани биржид удахгүй гарахаар болсныг “Монголын хөрөнгийн бирж”-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай мэдэгдээд байна. 26 жилийн түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа өнгөрсөн онд хийсэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гаргах бэлтгэл ажил дууссан байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар анх удаагаа 344 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компани хамгийн том нүүрс олборлогч төдийгүй экспортлогч.

Гэхдээ иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахаа сүүлийн найман жил холбогдох албаныхан мэдэгдэж ирлээ. Хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн сонирхол, идэвх сүүлийн нэг жилд эрчимтэй нэмэгдэж байгаа нь олзуурхах мэдээ. Үнэт цаасны арилжааны үнийн дүнд эзлэх хувь 2016 оныхоос ихээхэн өслөө. Иргэдийн арилжааны нийт дүн 2016 онд 300 сая гаруй төгрөг байсан бол өнгөрсөн онд дөрөв дахин өсөж, 1.2 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын хандлагыг тодорхойлох үзүүлэлтийн нэг мөн. Мөн иргэдийн арилжааны дүн зургаа дахин өсөв. Зөвхөн дотоодын иргэдийн арилжааны дүн нийт арилжааны 19.5 хувийг бүрдүүлж байна. Ийм өөдрөг өсөлт энэ зах зээлийн түүхэнд өмнө нь байгаагүй. Дотоодын эмийн зах зээлийн томоохон тоглогч “Монос” групп энэ онд IPO гаргаж магадгүй байна. Нээлттэй компани болохоор 2016 оноос бэлдэж эхэлсэн тус компани өнгөрсөн онд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байсан юм.

"Хөрөнгийн зах зээл төсөлтэй хүнийг хөрөнгө оруулагчтай холбодог дэд бүтэц"

Гэвч эдийн засгийн хүндрэлээс үүдэн 13 салбар компанитай “Монос” эл төлөвлөгөөгөө хойшлуулсан. Хөрөнгийн зах зээл ийн түгэж байгаа нь хөрөнгө оруулагчид хувьцаа болон бондын зах зээлд ихээхэн ач холбогдол өгч, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэрт дурлах болсонтой холбоотой. Үүнийг мэдэрч чадсан компаниуд ч хөрөнгийн биржийг зорих нь эрс нэмэгдэж байна. Сонголт сорьсон IPO хөрөнгө оруулагчдын хүртээл болоход улам ойртсоор. Үүний “салхи”-ийг “Лэндмн ББСБ ” хагалах нь. Хаалга тогшиж буй хөрөнгө босгох буухиаг “Монгол базальт” үргэлжлүүлэх бол хаалтыг “Эрдэнэс Тавантолгой” хийж магадгүй нь. Дотоодоос санхүүжилт татах хөдөлгөөн төр, хувийн хэвшлийг хямд эх үүсвэртэй болоход дөт зам нээж өгч байна. Хөрөнгийн зах зээлийн хувьд энэ он жирийн нэгэн жил байхгүй нь.

Б.Баяртогтох

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ. 2018.02.09 №033 (832)