Нэмэгдсэн: 2018-01-30 13:49:00

Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал юм. Бүх гишүүдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дараа оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор зарлан хуралдуулж, хурлын шийдвэр, тэмдэглэлийг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэхээр Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан байдаг. Мөн хуулийн 32 дугаар зүйлд, бүх гишүүдийн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй гарч тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулахаар, 33 дугаар зүйлд хурлын тэмдэглэлд тэмдэглэл хөтөлсөн гишүүн болон тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байхаар тус тус тогтоосон байдаг.

Бүх гишүүдийн хурал нь бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗХ-ны жилийн санхүүгийн тайлан тэнцлийг батлах, тухайн жилийн орлого хуваарилах, алдагдал нөхөх талаар шийдвэр гаргах, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийн зэрэгцээ хоршоог татан буулгах, өөрчлөн байгуулах шийдвэр гаргах хүртэл эрхтэй. Үүргийн тухайд ХЗХ-г үүсгэн байгуулах, дүрмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, хоршооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, төсвийг баталгаажуулах, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, огцруулах, хадгаламж, зээлийн үйл ажиллагааны бодлогын баримт бичгийг болон дотоод журам батлах, гишүүдийн гаргасан санал, гомдлыг авч хэлэлцэх, гишүүний оруулах хувь хөрөнгийн хэмжээг тогтоох, өөрчлөх, бизнес төлөвлөгөөг батлах, хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Иймд бүх гишүүдийн хурлын аливаа шийдвэр, тогтоол, тэдгээрийг батлах, албажуулах үйл явцад хуулийн дагуу нягт нямбай хандах шаардлагатайг Хороо нийт ХЗХ-дод анхааруулж байна. Учир нь Хоршоодоос Хороонд ирүүлж буй бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол нь хуульд заасан дээрх шаардлагад нийцэхгүй, үг үсгийн болон утга агуулгын алдаатай, олон хүний гарын үсэгтэй зэрэг нийтлэг зөрчилтэй байна.