Нэмэгдсэн: 2017-12-19 15:21:00

Санхүүгийн зохицуулах хорооноос батлан мөрдүүлж буй даатгалын дүрэм, журам, заавруудад өөрчлөлт оруулах асуудлаар Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо болон Банкны холбооны төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг боллоо. Зах зээлд оролцогчид, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч, иргэдээс дээрх журам, дүрэм, заавруудад оруулах өөрчлөлтийн төслүүдэд санал авах ажлыг Хороо цахим хуудсаараа энэ оны 11 дүгээр сард зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэг “Багц дүрмүүдэд хийж буй өөрчлөлт, нэмэлт, шинэчлэлт нь даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд” сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд даатгалын зах зээлд оролцогчдын санаа бодлыг нэгтгэж, хөгжлийн чиг хандлага, зорилгыг тодорхойлоход чиглэсэн юм. Хэлэлцүүлэгт оролцогчид даатгалын зохицуулалтыг илүү тодорхой болгож өөрчлөх, санхүүгийн болон үйл ажиллагааны зохистой харьцааны үзүүлэлтийг тодруулах, банкны зохицуулалтад анхаарах болон цахим даатгалын орчныг бүрдүүлэх зэрэг олон бүтээлч санал гаргалаа. Оролцогчдын дэвшүүлсэн санал, томьёоллыг хэлэлцээд, дүрэм, журмуудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тэдний оруулах саналуудыг үндэслэл тайлбарын хамт бичгээр авч тусгахаар боллоо.