Нэмэгдсэн: 2017-12-09 17:15:00

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын хоёр дахь Ням гаригт Санхүү, эдийн засагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтоосон байдаг. Эдийн засаг, санхүүгийн салбарынхаа ололт амжилтыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэг, хуран чуулж алдаа оноогоо дэнслэн хэлэлцэг, харилцагч, үйлчлүүлэгчдээ сонсог хэмээн бидэнд оноосон тэмдэглэлт өдөр маргааш тохиож байна. Улс орны хөгжлийн эрчим хүч нь болсон эдийн засаг, түүний эх үүсвэр болсон санхүүгийн салбарыг үл тасалдах жигд хэмнэлээр тогтвортой хөгжүүлж яваа нийт санхүүч, эдийн засагчдадаа энэхүү тэмдэглэлт өдрийн мэндийг дэвшүүлж, сайн сайхныг хүсье.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс эдийн засгийн хүндхэн сорилт бэрхшээлийг даван туулж байна. Энэ оноос эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байгаа дээр бид салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулж, санхүүгийн, тэр дундаа банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдээ чадавхжуулан, бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэн тэлэхийг сануулсаар байна.

Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн нэг жилийн хугацаанд зохицуулж буй хөрөнгийн, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарууддаа үр дүн эрэлхийлсэн бодлого явууллаа. Хүндрэлтэй байдлыг сөрсөн чадавхжуулах бодлого маань тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байна. Манай зохицуулалттай салбаруудын голлох үзүүлэлтүүд энэ хугацаанд 21.4-200 хувийн өсөлттэй гарч байна. Даатгалын салбарын нөөц сангийн хөрөнгө зогсолтгүй өсөн нэмэгдсээр байгаа нийт хөрөнгийнхөө 25 хувьд хүрсэн бол, банк бус санхүүгийн салбарын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 3.4 хувь болж, өмнөх оныхоос 0.8 пүнктээр буурсан сайхан үр дүнтэйгээр бид тэмдэглэлт өдрөө угтаж байна. Хадгаламж зээлийн хоршооны салбарт идэвхжил илт мэдрэгдэж, зээлийн хэмжээ 39.3 хувиар өссөн бол хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 50.1 хувиар өслөө. Итгэл төрүүлж буй эдгээр өсөлтүүд хэдийгээр сайн ч гэлээ, энэ үр дүнгээ цаашид тогтвортой хадгалж, улам сайжруулах үүрэг хариуцлагын ачааг бидэнд давхар үүрүүлж байна.

Монгол Улсын санхүүгийн тогтолцоо олон тулгууртай, эрсдэлгүй, ард иргэд, хэрэглэгч, харилцагчдадаа олон сонголттой, үйлчилгээний уян хатан нөхцөлтэй, хэрэгцээ шаардлагатай үедээ түргэн шуурхай үйлчилгээ авч чаддаг салбар болж хөгжих ёстой. Үүний тулд Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбаруудын эдийн засагт үзүүлэх нөлөө, хүчин чадлыг улам нэмэгдүүлэх, санхүүгийн хүртээмжийг өргөжүүлэх бодлогоо цаашид тууштай үргэлжлүүлж, сайн засаглалтай, өндөр чадвартай, мэргэжлийн зохицуулалт бүхий, өгөөжтэй зах зээлүүдийг бий болгон хөгжүүлэхэд бүх хүч, боломжоо дайчлан ажиллана. Та бидний бодлого, зорилгыг бодит үйл хэрэг болгоход харилцан ойлголцсон нягт хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагаа ухамсарласан санхүүгийн чанд сахилга бат түшиг тулгуур болно.

Монгол Улсын хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхан эдийн засагч, санхүүчид бидний сэтгэл зүтгэл, ур чадвар, үйл бүтээмжээр тэтгэгдэн, арвидан батжиж, дэлгэрэн хөгжинө гэдэг итгэлтэй байна. Цаг үргэлж сэтгэж, бүтээж яваа та бүхэндээ амжилт хүсье.

Сайн сайхан дэлгэрэх болтугай.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН

2017.12.09

Улаанбаатар хот