Нэмэгдсэн: 2017-12-08 14:33:00

Банкнаас бусад санхүүгийн салбаруудад үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны чиглэлээр Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд нийт 2600 гаруй хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна. Зах зээл тус бүрийг зохицуулсан хууль, журмуудын дагуу аж ахуйн нэгжүүд улирал тутмын дэлгэрэнгүй тайлангаа 20 хүртэл хоногийн хугацаанд ирүүлэх, тэдгээрийг Хорооны бодлогын газар тус бүрд хянах, улмаар Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтэст нэгтгэн дүгнэхэд тодорхой хугацаа шаардагддаг.

Өнгөрсөн долоо хоногт банкнаас бусад санхүүгийн салбаруудын тайлангийн гуравдугаар улирлын нэгтгэл эцсийн байдлаар гарлаа. Санхүүгийн болон үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг нэгтгэх явцад ерөнхий дүн эерэг буюу зах зээлүүд дээр жигд өсөлт ажиглагдаж буйг бид өмнө мэдээлсэн. Нийт эдийн засгийн төлөв байдал ажиглагдахуйцаар сэргэж байгаа болон Хорооноос тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах бодлогын арга хэмжээнүүдийг хүндрэлтэй үед мөчлөг сөрсөн байдлаар шат дараатай авсны үр дүнд банкнаас бусад санхүүгийн салбаруудын үйл ажиллагааны идэвх илэрхий сэргэсэн нь нэгтгэлээс харагдаж байна.

Тухайлбал, Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын тоо өмнөх оны мөн үеэс 6825 нэгжээр буюу 45.9 хувиар өссөн бол арилжааны дүн хоёр дахин нэмэгдэж, 208.5 тэрбум төгрөгт хүрлээ. ҮЦТХТ-д энэ улиралд нийт 12964 данс нээгдсэний 10689 нь шинэ, 2275 нь холболтын данс байна. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.08 их наяд төгрөгт хүрснийг өмнө мэдээлсэн бөгөөд үүний 2016 оны эцсийн байдлаарх ДНБ-тэй харьцуулсан харьцаа 8.7 хувь болсон нь жилийн өмнөхөөс 2.7 пүнктээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Хувьцааны зах зээл дээр ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 60.9 хувиар, MSE-ALL индекс 29.9 хувиар өссөн бол бондын зах дээр Засгийн газрын үнэт цаасны 169.5 тэрбум төгрөгийн анхдагч зах зээлийн, 29.6 тэрбум төгрөгийн хоёрдогч зах зээлийн арилжаа тус тус хийгджээ.

Даатгалын зах зээлийн нийт хөрөнгө энэ улиралд 21.4 хувиар өсөж 251.7 тэрбум төгрөг болсны 80 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө бүрдүүлж байна. Салбарын нийт хураамжийн орлого болон нөхөн төлбөрийн зардлыг бид өмнө мэдээлсэн бөгөөд 2014 оны гуравдугаар улирлаас саарах хандлагатай байсан орлогын өсөлт энэ улиралд 29 хувиар нэмэгдсэн дүнтэй гарч байна. Хураамжийн ихэнхийг буюу 41.8 хувийг даатгалын төлөөлөгчид бүрдүүлсэн бол зуучлагчид 19.8 хувийг бүрдүүлсэн байна. Нийт хураамжийн орлогын 28.3 хувийг эзэлж буй нөхөн төлбөрийн 97.5 хувийг ердийн даатгалын компаниуд олгосон байх ба давхар даатгалын хураамжийн зардал жилийн өмнөхөөс 55.9 хувиар өсөж, 42 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь хураамжийн орлоготой харьцуулахад 36.7 хувь болж байгаа бөгөөд дотоодын давхар даатгалын үйл ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж буй юм. Салбарын хэмжээнд даатгагч нар нийт 10.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг 2015 оны мөн үетэй харьцуулбал 6 дахин өссөн дүн юм. Компаниудын өөрийн хөрөнгийн өгөөж 9.2 хувь, нийт хөрөнгийн өгөөж 4.1 хувь байна.

Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын нийт хөрөнгийн хэмжээ энэ оны эцэс гэхэд 1.0 их наядаас давах хүлээлттэй байгаа бөгөөд энэ гуравдугаар улирлын нийт хөрөнгийн өсөлтийн 80 орчим хувийг зээлийн өсөлт бүрдүүлж байна. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий нийт 535 ББСБ энэ улиралд үйл ажиллагаа явуулсны 90.1 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. Зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 3.4 хувь болж буурсан талаар бид өмнө мөн л мэдээлсэн бөгөөд жилийн өмнө 4.2 хувьтай байсан юм.

Харин Хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-дын нийт активын хэмжээ 142.8 тэрбум төгрөг болж өссөний дотор нийт хадгаламж өмнөх оны мөн үеэс 39.3 хувиар өсөж 90.96 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хоршоодын нийт зээл 107.74 тэрбум төгрөг байгаагийн 92.2 хувийг хэвийн, 3.6 хувийг хугацаа хэтэрсэн, 4.2 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Чанаргүй зээл өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өсөж 4.48 тэрбум төгрөгт хүрсэн бол хугацаа хэтэрсэн зээл өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ХЗХ-дын тоо жилийн өмнөхөөсөө 5.1 хувиар өсөж, 290, гишүүдийн тоо 20 хувиар нэмэгдэж, 53.7 мянга болжээ.