Нэмэгдсэн: 2017-11-28 12:54:00

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэнгийн “Блүүмберг Финанс Форум 2017” хэлэлцүүлгийг нээж хэлсэн үг

 

Санхүүчид ээ,

Санхүүгийн салбарын бодлого тодорхойлогч, зохицуулагчид аа,

Монгол Улсын санхүүгийн зах зээлд оролцогчид, бизнес эрхлэгчид ээ

Хүндэт зочид оо

Та бүхний болон цэнхэр дэлгэцээр энэхүү хэлэлцүүлгийг үзэж байгаа нийт хүмүүсийн энэ өглөөний амгаланг эрэн мэндчилье.

 

Санхүү бол хүний амьдралын салшгүй хэсэг төдийгүй өдөр бүрийн, алхам тутмын хэрэглээ юм. Тийм ч учраас өнөөдөр бидний ярилцах сэдэв аль нэг арилжааны банкны ч юм уу, аль нэг хөрөнгийн биржийн, эсвэл аль нэг төрийн юм уу, төрийн бус байгууллагад хамаарах асуудал биш ээ. Хүн бүхний, айл өрх бүрийн амин чухал асуудал гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна.

Дэлхий дахинд өнөөдөр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн болгонд, нутаг орны өнцөг булан бүрд хүргэх, амьжиргааны түвшин бүрд тохирсон санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгох бодлогыг л хэлэлцэж байна. Энэ бодлогын уг язгуур нь баян, ядуугаасаа үл шалтгаалан хүн хэрэглээгээ өөрт тохирсон өртөг зардлаар санхүүжүүлж байх ёстой гэсэн нийтлэг үзэл санаа юм.

Өнөөдөр манай улсын санхүүгийн тогтолцоо банк давамгайлсан бүтэцтэй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ард иргэдэд санхүүгийн үйлчилгээ хүртэх сонголт хязгаарлагдмал байна гэсэн үг. Ганцхан тулгуур хэр тогтвортой билээ?

Өндөр хөгжилтэй улс орнуудад өнөөдөр зөвхөн банкны зээлд түшиглэж биш хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтээс хямд эх үүсвэрийн санхүүжилт, хөрөнгө мөнгийг босгож байна. Банкнаас бусад төрлийн санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд зэрэгцэн хөгжиж хэрэглэгчдэд илүү их боломж, сонголтуудыг олгож байна. Хөрөнгө мөнгөө хоршин эргэлдүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлдэг институциуд санхүүгийн гол үйлчлэгч болж хөгжсөн улс орнууд ч байна.

Манай улс ч мөн санхүүгийн салбараа ингэж олон тулгуурт болгон хөгжүүлснээр, санхүүгийн нөөц боломжууд зөв хуваарилагдаж, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах чухал суурь болно.

УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдэд бид өөрсдийн бодлого зорилтыг тусган ажиллаж чадсан маань том алхам.

Бодлого гэж, бодлоготой байх гэж чухам юуг хэлэх вэ? Баримт бичиг гаргахыг хэлэх үү, эсвэл түүнийгээ бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх явдал уу?

Бидний үзэж буйгаар, алсыг харж, нарийвчлан төлөвлөсөн бодлого, зорилтоо үе шат болгоноор нь гүнзгийрүүлэн авч үзэж, судалгаа тооцоотой, зохион байгуулалттай хэрэгжүүлэх нь чухал юм. Бодлогын шийдвэр бүхнээ сайтар судлан тооцож гаргах, тэгж гаргасан шийдвэр дээрээ тууштай байх, ямар нэгэн саад бэрхшээл тохиолдвол цаг алдалгүй засаж сайжруулж явахыг л эцсийн дүндээ бодлоготой байх гэж ойлгох учиртай.

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн нэг жилийн хугацаанд хариуцан зохицуулж буй үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбаруудынхаа хэмжээнд дээрх арга барилаар ажиллаж дараах үр дүнд хүрлээ.

Сүүлийн 10 гаруй жилд Монголын хөрөнгийн зах зээл дээр ердөө 12 IPO хийгдэж байсан бол зөвхөн энэ 2017 онд хоёр IPO шинээр, нэг компаний бонд, нийт гурван үнэт цаас зах зээлд гарлаа. Гурвуулаа санаанд оромгүй амжилттай болж, захиалга 200-300 хувиар давж биеллээ. Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ өнөөдөр 2011 оны эдийн засгийн өндөр өсөлттэй үеийнхэд дөхөж очоод байна. 2011 онд эдийн засгийн өсөлт ямар байсан, өнөөдөр байдал ямар байгааг та бид бүгд сайн мэдэж байгаа. Энэ бүхэн зөвхөн гадаад хүчин зүйл, эдийн засгийн өсөлтийн үр дүнгээс илүүтэй Хорооноос сүүлийн нэг жилд баримталсан бодлого, үйл ажиллагаатай холбоотой. Одоо бид хөрөнгийн зах зээлийн арилжааны дэд бүтцийг сайжруулах, брокер, дилерүүдээ чадавхжуулах, хувьцаат компаниудаа хариуцлагажуулах ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байна.

Яг нэг жилийн өмнө бид ББСБ-уудын чадавхыг нэмэгдүүлэх мөчлөг сөрсөн бодлогоо танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа. Энэ шийдвэр болон эдийн засаг харьцангуй сэргэж ирсэний нөлөөгөөр өнөөдөр ББСБ-уудын нийт хөрөнгө бараг 1.0 их наяд (906 тэрбум) төгрөг болж, зээлийн сарын жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар буураад байна.

Даатгалын салбарын нөөц сан, эрсдэлийн сангийн бүрдүүлэлтэд ч эерэг өөрчлөлт бий болсон. Энэ бол бас л бидний салбарын оролцогчдоо чадавхжуулах бодлогын үр дүн юм. Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, нэр төрлийг олшруулах зорилтын хүрээнд шинээр ипотекийн зээлийн даатгалын журмыг батлан, хэрэгжүүлж эхлээд байна. Санхүүгийн зохицуулах хорооны гадаад хамтын ажиллагааны үр дүнд манай улсын даатгалын салбар олон улсын лаборатори хөтөлбөрт хамрагдахаар шалгараад, яг энэ цаг мөчид хүртээмжтэй даатгалын инновацийн лаборатори сургалтаар дээрх хөтөлбөр нээлтээ хийж байгааг хэлэхэд таатай байна.

ХЗХ-дын хувьд иргэдэд, ялангуяа хөдөө орон нутагт хүрч үйлчлэх талаараа бусдаасаа маш их давуу талтай. Тийм ч учраас Санхүүгийн зохицуулах хороо ХЗХ-ны салбарын хөгжилд онцгой ач холбогдол өгч, хоршоодын эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх бодлогын зохицуулалтдаа анхаарал хандуулан ажиллаж байна.

Дэлхий нийт өнөөдөр эрчимтэй даяаршиж, эдийн засаг, санхүүгийн салбар техник, технологийн үсрэнгүй дэвшилтэй хоршин асар хурдацтай хөгжиж байна. Зөвхөн Монгол Улс төдийгүй олон улс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ сорилтуудын өмнө ирээд байна. Эдийн засгийн нөөцийг зүй зохистой хуваарилж улс орны хөгжлийг хурдасгах суурь хүчин зүйл нь олон тулгуурт, тогтвортой санхүүгийн салбар юм. Дээр нь ард иргэдийн агаар, ус мэт амин хэрэглээ болсон санхүүгийн зах зээл байнгын эрсдэлгүй, баталгаатай, хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдсан байх учиртай. Ийм цаг үед бид “Блүүмберг Финанс Форум 2017” хэлэлцүүлгийг зохион байгуулж, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, олон улсын туршлага, хөгжлийн хандлагыг хэлэлцэж байгаа нь цагаа олсон чухал үйл явдал болохыг онцолж, хэлэлцүүлгийг зохион байгуулагчид, оролцогч та бүхэнд талархал илэрхийлэн, амжилт хүсье.

 

Улаанбаатар хот. Блүскай тоуэр

2017.11.28