Нэмэгдсэн: 2017-11-23 16:35:00

“Жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нөөц боломж банкнаас бусад санхүүгийн салбаруудад, тэр дундаа хөрөнгийн зах зээлд асар их байна” гэж Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан онцоллоо. Монголын банкны холбооноос Европын холбоо болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр өнөөдөр зохион байгуулсан “ЖДҮ-ийн санхүүгийн хүртээмж” форумын бодлого, зохицуулалт, чиг хандлагын талаар хэлэлцсэн үндсэн хэсэгт тэрээр панелистаар оролцсон юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ, хөрөнгийн зах зээлээс шаардлагатай санхүүжилтээ босгоход нь Хороо аж, ахуйн нэгжүүдтэй ойр хамтран ажиллаж, өөрөөс шалтгаалах зохицуулалтын ажлуудыг түргэн шуурхай зохион байгуулж байна. Ингэснээр, компани, аж ахуйн нэгжүүдийн олон нийтэд үнэт цаасаа санал болгох үйл ажиллагаа маш амжилттай хийгдэх болсон гээд, энэ улиралд төрийн өмчийн болон хувийн биржүүдээр арилжаалагдсан үнэт цааснуудаар жишээ аван ярилаа. Мөн Хорооноос Арилжааны банкуудад тусгай зөвшөөрлөөр олгож байгаа кастодианы үйл ажиллагааг идэвхжүүлж, хөрөнгө оруулалтын сангуудаас жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бийг дурдав.

Форумаар ЖДБ-ийн орчин, хөгжил болон санхүүжилтийн өнөөгийн боломж, нөхцөл, цаашид хэрхэн сайжруулах талаар банк, банкнаас бусад санхүүгийн салбарын төлөөлөгчид, мөн эдийн засаг, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын зөвлөхүүд тал бүрээс нь хэлэлцэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг дээшлүүлэх чиглэлээр тодорхой зөвлөмж гаргалаа.