Нэмэгдсэн: 2017-11-20 11:39:00

-Хөрөнгийн зах зээлийн хоцрогдол нь нөөцийн хуваарилалтын үр ашигтай байдлыг алдагдуулж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна-

 

Б.Баяртогтох

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэнтэй хөрөнгийн зах зээлийн өнөөгийн төлөв байдал, хөгжлийн чиг хандлага, төрийн бодлого, зохицуулалтын талаар ярилцлаа.

 

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар манай улс маш олон жил ярьж байна. Гэвч энэ зах зээл санхүүгийн зах зээлийн дөнгөж тав хүрэхгүй хувь эзэлсэн хэвээр бараг 20 жил боллоо. Үүнд бодлогын дэмжлэг дутсан уу, эсвэл хууль эрх зүйн орчны тааламжтай бус байдал нөлөөлсөн үү?

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн бий болоод 26 жилийн хугацаа өнгөрч байгаа ч хөрвөх чадвар, арилжааны хэмжээ маш бага байна. Энэ нь хувьцааны төвлөрөл өндөр, компаниудын засаглал сул, санхүүгийн тайлагнал, ил тод байдал хангалтгүй, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт хомс гээд олон хүчин зүйлтэй холбоотой. Зөвхөн хууль, эрх зүйн орчин, бодлогын удирдлага хангалтгүй явж ирсний зэрэгцээ сэтгэл дутсан юм болов уу гэж дүгнэж сууна. Хөрөнгийн зах зээл нөөцийг эдийн засгийн бусад салбаруудад зохистойгоор хуваарилж, өсөлтөд нөлөөлж өгдөг зах зээл шүү дээ. Тэгэхээр хөрөнгийн зах зээл хоцрогдож, хөгжихгүй явж ирсэн нь нийт эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Хөрөнгийн зах зээлд хувьцааны хэт их төвлөрөл бий болсон. Үүнээс шалтгаалж арилжааны идэвх эрс суларсан байдаг. Арилжаанд идэвхтэй оролцохыг сонирхогчид Засгийн газрын бондоос өөр чанартай, өгөөж авчрах бүтээгдэхүүн хөрөнгийн зах зээл дээр алга гэж тайлбарлаж байна. Үүнийг бодлогоор хэрхэн идэвхжүүлэх вэ?

2016 оны байдлаар үнэт цаасны зах зээл дээр нээлттэй хувьцаат компанийн 7.0 тэрбум ширхэг хувьцаа байна. Үүний 5 хүртэл хувийг нийт хувьцаа эзэмшигчдийн 99.6 хувь нь эзэмшиж байна. Харин 33 хувиас дээш хувьцаатай буюу томоохон хувьцаа эзэмшигчид нийт хувьцаа эзэмшигчдийн ердөө 0.1 хувь нь болдог. Хувьцааны төвлөрөл хэт өндөр байгаа нь хөрвөх чадварыг бууруулж байна. Энэ бол нэг л учир шалтгаан. Арилжааны идэвх сулрахад хувьцааны төвлөрлөөс гадна арилжаанд оролцдог иргэд, аж ахуйн нэгжийн тоо хэтэрхий цөөн, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаггүй, энэ зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, туршлага тааруу,хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарч ирэхгүй байгаа зэрэг олон шалтгаан нөлөөлдөг.

-Тэгвэл гарч буй тодотгох эерэг өөрчлөлт байна уу. Хөгжлийн хөшүүрэг гэдэг ч хангалтгүй байх шиг санагддаг?

Эдийн засгийн мөчлөг бүрийг санхүүгийн зах зээл хамгийн мэдрэг хүлээн авч байдаг. Өнөөдрийн байдлаар манай эдийн засгийн нөхцөл байдал нэг, хоёр жилийн өмнөхөөсөө сайжирч, тодорхой хэмжээнд сэргэх хандлага ажиглагдаж байна. Үүнийг дагаад хөрөнгийн зах зээл ч нэг үеэ бодвол хөдөлж эхэллээ. Энэ онд манай хэд хэдэн компани үнэт цаас, компанийн өрийн хэрэгсэл гаргасан нь маш амжилттай боллоо. Тухайлбал саяхан шинээр гаргасан хоёр хувьцааны захиалгын нэг нь 180 хувь, нөгөө нь 290 гаруй хувиар давж биеллээ. Энэ нь манай хөрөнгийн зах зээл дээр асар их нөөц байгааг, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломж байгааг харуулж байна.

-Хороонд IPO гаргахаар хэчнээн компани хүсэлтээ ирүүлээд байна вэ. Өмнө нь дөрвөн компани хөрөнгө оруулалт татаж чадаагүй, хоёр компанийн хувьцааг танайх бүртгэхээс татгалзаж байсан?

Урьд өмнө энэ жилийнх шиг олон үнэт цаас гаргаж, гаргасан үнэт цаас бүр амжилттай арилжигдаж байсан түүх байхгүй. Энэ жил шинээр гаргаж байгаа үнэт цааснуудын арилжааны нэг нь ч амжилтгүй болоогүй төдийгүй санаанд оромгүй амжилттай биелж байгаа нь ч бас санамсаргүй хэрэг биш гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. СЗХ өмнөх алдаануудад дүгнэлт хийж, үнэт цаас бүр дээр нарийвчилж ажилласнаар ийм үр дүн гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Одоо дахиад нэг үнэт цаас гаргах хүсэлт ирчихсэн байна.

Олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлнэ гэдэг зүгээр нэг хүссэн, хэрэгцээ гарсан хэн бүхний дур зоргоор хийчихдэг ажил биш. Хүмүүсийн хөрөнгө, мөнгийг хуримтлуулж, өөрөөр хэлбэл бусдын хөрөнгийг ашиглаж хийх гэж байгаа ажил, төсөл чинь хэрэгжих магадлал нь хэр юм, эргээд хөрөнгө мөнгөө өгсөн тэр хүмүүст өгөөжтэй юм уу, хууль тогтоомж, дүрэм, журамд нийцэж байна уу гэх мэт олон шалгуур хангасны үндсэн дээр хийгдэнэ. Шалгуур хангахгүй байгаа, үр дүнтэй хэрэгжих магадлал муутай төслүүдийг буцаах, зөвшөөрөл өгөхөөс татгалзах тохиолдол цөөнгүй гардаг. Цаашлаад үнэт цаас гаргахаар ажиллаж байгаа аж ахуйн нэгж, тэдэнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа андеррайтер компанийн судалгаа тооцоо, арга аргачлал нь буруу, сул байснаас болж арилжаа амжилтгүй болдог.

-Хөрөнгө оруулалтын сангийн тухайд?

2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаас хойш СЗХ-ноос нийтдээ 14 компани хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Хуулиар, тусгай зөвшөөрлөө авснаас хойш жилийн дотор сангаа байгуулах зохицуулалттай байдаг. Гэтэл хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компаниуд сангаа байгуулахгүй байх явдал хэвийн зүйл мэт болсон байсан. Эдний 50 хувь нь л хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах баримт бичгээ бүрдүүлж ирүүлснээс ердөө дөрвөн компани сангаа бүрдүүлээд ажиллаж байна. Энэ сангууд бүгд 2017 онд байгуулагдсан. Сангаа байгуулсан компаниудын хоёр нь хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө энэ онд авсан компаниуд байна. Энэ жишээ эдийн засаг сэргэж эхэлснийг илтгэхийн зэрэгцээ оролцогчдоо чадавхжуулах, хувийн компаниудыг санхүүгийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд СЗХ-ны бодлого, үйл ажиллагаа чиглэж ажилласныг харуулж чадах байх.

-Манай улс хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалтаас мултарлаа. Олон улсын индекс тодорхойлогч FTSE Russell компани Frontier зах зээлийн ажиглалтын жагсаалтаасаа ийнхүү хассан нь дотоодын хөрөнгийн зах зээлд, уг зах зээлд бүртгэлтэй компаниудад хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ. Хорооны зүгээс энэ асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

Ажиглалтын жагсаалтаас үндсэн жагсаалтад орох явдал бидний бодлогын зорилт байсан. Харамсалтай нь хасагдлаа.  Гол учир шалтгаан нь үнэт цаасны компаниудын чадавх сул, хөрөнгийн нөөц хомс, дэд бүтцийн хөгжил тааруу байгаа явдал. Өдийг хүртэл 30 шахам жил энэ зах зээлд ажилласан мэргэжлийн оролцогчид маань өнөө хэр чадавхжаагүй, хөрөнгө санхүүгийн болон хүний нөөцийн чадвар бий болгоогүй байгаагийн л илрэл юм.

Хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудын хувьд зах зээлийн үнэлгээ, оролцогчдын тоо хоёр эерэг хамааралтай байдаг. Гэтэл манай зах зээл тийм биш байна. Нэг жишээ хэлье. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар бүртгэлтэй хувьцаат компаниудын 10 хүрэхгүй хувь нь ногдол ашиг тараалаа. Хувьцаат компаниудын 60 гаруй хувь нь огт ашиггүй, эсхүл алдагдалтай ажиллаж байна. Хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилах, эсэх нь нэгдүгээрт тухайн компанийн үйл ажиллагаа, үр ашгаас хамаарна.Улс орны эдийн засгийн төлөв байдал, өсөлт уналтаас хамаардаг ч хамгийн гол шалтгаан нь компанийн өөрийн нь үйл ажиллагаа.

Бид үнэт цаасны зах зээл дээр ажиллаж байгаа оролцогчид, аж ахуйн нэгжүүдээ цаашид санхүүгийн, төлбөрийн, мэргэжлийн хувьд улам чадавхжуулах, эрх зүй, зохицуулалтын орчныг өнөөдрийнхөөс илүү чамбайруулах, хууль, дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах ажлуудыг шат дараатай хийж байна. Зах зээл дээр оролцогчид, аж ахуйн нэгжүүд чадавхжих нь эргээд жагсаалтад орох, улмаар шат ахих гол хүчин зүйл гэж үзэж СЗХ бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

-Үнэт цаасны зах зээлийн журмуудын шинэчилсэн төсөлд санал авч байгаа. Үүнтэй холбогдуулж асуухад хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг дээшлүүлэхэд хорооны зүгээс ямар санаачилга гаргасан бэ?

Өнгөрсөн оны 7 дугаар сараас Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн. Төрийн байгууллагуудаас нийтээр дагаж мөрдүүлэх, тодорхой хэм хэмжээ тогтоосон аливаа актыг уг хуулийн үзэл санаа, нэр томьёо болон зарчимд нийцүүлэн гаргаж байх шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагын дагуу СЗХ зөвхөн үнэт цаасны төдийгүй даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж зээлийн хоршооны зах зээлүүдэд мөрдүүлж буй журам, дүрэм, заавруудаа шинээр хэрэгжиж байгаа хуулийн зарчим, томьёололд уялдуулах ажлыг хийж байна.

Хороо өнөөдрийн байдлаар зохицуулж буй салбарууддаа 20 орчим хуулийн хэрэгжилтийг хангаж, тэдгээрт нийцүүлэн гаргасан 160 шахам журам, заавар, аргачлалыг мөрдүүлж ажилладаг. Захиргааны ерөнхий хууль шинээр гарсантай холбоотойгоор манай Хорооноос гаргасан актуудад үндсэндээ бүгдэд нь томьёолол, найруулгын болон зарчмын өөрчлөлтүүд орохоор байгаа. Эдгээрийн бараг хагас нь хөрөнгийн зах зээлтэй холбоотой журмууд байна.

Журам,зааврууд төдийгүй манай зохицуулалттай салбаруудын үндсэн болон холбогдох хуулиудыг шинэчлэх, өөр хооронд нь уялдуулах, сайжруулах шаардлага бий. УИХ-аас энэ оны нэгдүгээр сард баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д манай салбаруудын 10 гаруй хуулийг шинэчлэхээр тусгасан. Цаашлаад “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” саяхан батлагдсан. Тус хөтөлбөрт санхүүгийн зах зээлийн хөгжлийн гол тулгуур нь хөрөнгийн зах зээлийг байна гэж тодорхойлсон. Одоо бидэнд тулгамдаж буй асуудлуудыг олон улсын зарчимд нийцүүлэн шийдвэрлэх замаар 2025 он гэхэд хөрөнгийн зах зээлийг санхүүгийн давамгайлах салбар болгон хөгжүүлсэн байх зорилт, арга хэмжээг тусгасан.

-Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээнд энэ он гарсаар дорвитой өөрчлөлт гарав уу?

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2.1 их наяд төгрөг байна. Жилийн өмнөхөөсөө 100 хувиар буюу хоёр дахин өссөн гэсэн үг. Энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрч байсан 2011 оны түвшинд дөхөж очсон үнэлгээ гэдгийг нэмж хэлмээр байна. Гэтэл эдийн засгийн өсөлт өнөөдөр ямар байгааг бид мэдэж байгаа шүү дээ. Тухайн үед уул уурхайн өсөлттэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ өндөр гарч байсан бол одоогийн энэ өсөлт бол цэвэр дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо, сонирхол нэмэгдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, харьцангуй тогтвортой өсөлт гэж хэлж болохоор байгаа юм.

Өнгөрсөн жил бид ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Бидний энэ алхам тусгай зөвшөөрөлтэй компаниудын тоонд хязгаарлалт болохоос илүүтэйгээр эдийн засаг дахь санхүүгийн урсгалыг сайжруулж, нөөцүүд зохистой хуваарилагдахад эерэг нөлөө үзүүлж байна. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өсөхөд ч нөлөөлж байгааг дурдах хэрэгтэй. Энэ бодлогын шийдвэрийн нөлөөгөөр зээлийн хүү буурна гэдгийг бид тухайн үед тодорхой үндэслэл, судалгаатайгаар танилцуулж байсныг хүмүүс санаж байгаа байх. Өнөөдөр бодлого боловсруулагчид, банкууд зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл, стратеги гэхчлэн ярьж эхлээд байгаа нь СЗХ-ны бодлогын алхмын үр дүн гэж хэлж болно.

-Монголын зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаалт гэж баталж  гаргасан байдаг. Одоогийн байдлаар гадаадын таван хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 34 Монгол компани байна. Давхар бүртгэлийн системийг эхлүүлэх боломжтой юу?

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 орчим компанийн ихэнх нь уул уурхайн салбарт ажилладаг. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эдгээр компаниуд хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын зах зээл дээр арилжих ёстой. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй давхар бүртгэл хийлгэх шаардлагатай болж байгаа юм.

Давхар бүртгэл буюу “Dual listing” Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргах чухал үйл явц гэж болно гэсэн хүлээлт байгаа. Компани үнэт цаасаа өөр улсын биржид давхар бүртгүүлэх, гадаад улсад хадгаламжийн бичиг гаргах нь үнэт цаасныхаа хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн бааз сууриа өргөжүүлэх, нэмэлт хөрөнгийн эх үүсвэр татах зэрэг олон талын ач холбогдолтой. Цаашлаад манай үндэсний компаниуд олон улсад үйл ажиллагаагаа таниулж, үнэ цэнээ өсгөх, бүтээгдэхүүний борлуулалт, ашгийг нэмэгдүүлэх гэх мэт өргөн боломж нээгдэнэ.

Хамгийн гол нь давхар бүртгэлийг хэрэгжүүлэхийн тулд бид дотоодын зах зээлийнхээ дэд бүтцийг хөгжүүлэх, арилжаа, төлбөр тооцооны олон улсын нийтлэг стандарт, шаардлагуудыг хангах, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох шаардлагатай. Энэ ажлын хүрээнд СЗХ-ноос дэлхийд тэргүүлэгч 26 биржийн жагсаалтыг батлан гаргасан. Одоо давхар бүртгэлийн журмыг батлахаар зах зээлийн мэргэжлийн оролцогчид, хөрөнгө оруулагч нар, иргэд, олон нийтээс санал авч байна.

-Монголын хөрөнгийн биржийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлд хэрхэн эерэг нөлөө үзүүлэх вэ?

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.9 тэрбум төгрөг байхаар 2006 онд Төрийн өмчийн хороо тогтоосон. Дүрмийн сангийн энэ хэмжээ ийм бага хэвээрээ явж ирсэн нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд үзүүлэх арилжаа эрхлэх байгууллагын үүрэг, оролцоог хумигдуулах нэг шалтгаан болсон байж болзошгүй. Тийм учраас “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь чухал шийдвэр болсон. Өнөөдрийн байдлаар манай хөрөнгийн зах зээл дээр арилжаа эрхлэгч хоёр байгууллага байна. Нэг нь төрийн, нөгөө нь хувийн бирж. Арилжаа эрхлэгчдийн дүрмийн сангийн доод хэмжээг нэмэгдүүлсэн СЗХ-ны шаардлагыг аль аль нь хангаад ажиллаж байна. Монголын анхны хувийн өмчийн бирж болох “Монголын үнэт цаасны бирж” ХХК үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлөө хоёр жилийн өмнө авсан ч өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй байсан. СЗХ-ноос хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагаа тус биржийг ажлаа эхлэхэд нөлөө үзүүлж,  анхны арилжаа нь амжилттай боллоо. Арилжаа эрхлэх болон төлбөр тооцооны байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн биржийн тогтолцоог бий болгох нь өнөөдөр юу юунаас чухал байна. Тэгж байж хөрөнгийн зах зээл хөдөлж, өрсөлдөөнд орж, аж ахуйн нэгжүүд шинээр болон нэмж үнэт цаас гарган, олон нийтээс санхүүжилт татаж, бизнесээ хөгжүүлэх боломж бүрдэнэ.

-Та дэлхийн 95 орны 114 төв банк, зохицуулагч байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн есөн гишүүний нэгээр сонгогдсон. Манай улсын хувьд санхүүгийн хүртээмжийг хэрхэн сайжруулах шаардлагатай байгаа вэ. Одоогийн нөхцөл байдлыг дэлхийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад хаахна явна вэ?

Таны хэлж байгаа энэ тоонууд Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг өнөөдөр дэлхий дээр байгаа хамгийн өргөн бүрэлдэхүүн бүхий хамтын байгууллага болохыг илтгэж байгаа юм. Тийм ч учраас олон улсын санхүүгийн бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөлөл нь асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Гишүүн орнууд, байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа болон нийгэмлэгийн бодлогын үйл ажиллагааг есөн үндсэн гишүүн бүхий Захирлуудын зөвлөл удирддаг. Тодруулбал, энэ есөн хүн нийгэмлэгийн институциэр дамжуулан дэлхийн 100 шахам улс орны санхүүгийн хүртээмжийг асуудлыг чиглүүлж байна гэсэн үг шүү дээ.

Улс орон хөгжлийн ямар түвшинд байна вэ гэдгээс үл хамааран хүн амын санхүүгийн хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Үүний тулд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийт хүн амын хэрэгцээ шаардлагад нийцсэн, хямд өртөг зардал бүхий, сонгох боломжтой, ил тод, тэгш хүртэх боломжтой, нээлттэй байх явдлыг санхүүгийн хүртээмж гэж ойлгож байна. Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд мэдээллийн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, энэ талаарх олон улсын туршлагыг судалж нэвтрүүлэх, мөн Регтек буюу зохицуулалтын тогтолцоонд технологийн дэвшлийг нэвтрүүлэх явдал ихээхэн чухал байна.

Манай улсын хувьд албан ёсны үзүүлэлт буюу санхүүгийн эрх бүхий насанд хүрсэн иргэдийн 90 гаруй хувь нь данс эзэмшдэг зэрэг үзүүлэлтээр олон улсын хэмжээнд харьцангуй дээгүүрт ордог. Гэвч яг бодит амьдрал дээр тэдгээр дансны идэвхтэй хэрэглээ бага, иргэдийн санхүүгийн боловсрол хангагдаагүй, орлого, зардлаа урт хугацаанд төлөвлөж, хуримтлал үүсгэх зуршил бий болоогүй, эрсдэлийг нарийвчлан тооцоолдоггүй гээд олон хүчин зүйлээр санхүүгийн хүртээмж тааруу байна.

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн шинэ захирлуудын баг саяхан нэг шийдвэр гаргасан нь Азийн хөгжлийн банктай байгуулсан хамтран ажиллах Санамж бичиг юм.Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага гишүүн орнуудын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлэх боломж олдож байна.Манай улс ч энэ хүрээний төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах учраас би Захирлуудын зөвлөлийн гишүүний хувьд хүчин чармайлт гаргаж ажилласан. Цаашид СЗХ Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад анхаарал хандуулж, идэвхтэй ажиллана.

 

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

2017.11.13