Нэмэгдсэн: 2017-11-15 17:30:00

Олон улсын санхүүгийн зохицуулагч байгууллагууд БНСУ-ын Сөүл хотноо хуран цуглаж, Финтек буюу мэдээллийн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ, түүний бодлого, зохицуулалтын талаар ярилцаж байна. Сингапур, Япон, Герман, Их Британи, БНХАУ, Тайланд, Индонези, БНСУ, Вьетнам, Тайван зэрэг технологи хөгжсөн орнууд, Дэлхийн банк, Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага зэрэг өргөн бүрэлдэхүүнээр хуралдаж буй уг семинарыг нээж Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, зүй зохистой, дэвшилтэт шийдэлтэй, хяналт зохицуулалт бүхий финтекүүд хэрэглэгчид, бизнес эрхлэгчдэд үр өгөөж өгөх шинэ шинэ боломжуудыг санхүүгийн салбарт бий болгож, системийг илүү олон тулгуурт, үр дүнтэй болгон, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүчин зүйл болохыг онцлоод, Санхүүгийн зохицуулах хороо финтекийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ зохицуулалтыг сайжруулж хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн цахим үйлчилгээний эрсдэлийг хаахад анхаарал хандуулан ажиллаж буйг дурдлаа.

Олон Улсын семинарт Монгол Улсаас гадна БНСУ, Сингапур, Вьетнам, Тайван, Индонези улсууд зохицуулагч байгууллагуудын захирагч, дэд захирагчдын түвшинд оролцож байна.

Финтекийн шинэ боломжууд ба санхүүгийн үйлчилгээний ирээдүй, хөгжлийн хандлага, мөн энэ асуудлаар баримталж буй бодлогын хандлага, болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, хяналт зохицуулалтын хандлага гэсэн гурван хэсгээр зохицуулагч байгууллагууд хуралдаж, тус тусын улс орны сорилт, туршлага ба баримтлалын талаар харилцан ярилцсан юм. Дэвшилтэт технологид тулгуурлаж, кодчиллын алгоритмууд ашиглан онлайн орчинд олноор бий болж цахим хэрэгслүүд, тэдгээрийн санхүүгийн салбарт нөлөөлж буй нөлөөлөл улс орон бүрд харилцан адилгүй ч цаашаа яаж нарийвчлагдан хөгжих, хяналт зохицуулалтын технологи ямар загвар бүтэц болон шалгах алгоритмаар хийгдэхийг судлан тандаж, туршин сорьсон хандлага нийтлэг байна.

Семинараар зохицуулагч болон олон улсын байгууллагууд одоогоор хүчин төгөлдөр байгаа эрх зүйн баримт бичгүүд, хамтын нийгэмлэгүүдийн гэрээ хэлцлүүд, конвенцуудын чадамж, нэмж зохицуулах шаардлагатай харилцаа, санхүүгийн хамтын тогтолцооны аюулгүй байдал зэрэг олон чухал асуудлыг хөндсөн юм. Эцсийн дүнд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний зохицуулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол болохыг семинарт оролцогчид онцлон дүгнэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг дагалдан Хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга С.Баянцогт, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар, Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны тэргүүн А.Алтансүх болон бусад хүмүүс ажиллаж байна.