Нэмэгдсэн: 2017-11-03 16:36:00

Даатгалын хянан зохицуулагч байгууллагуудын Олон улсын холбоо (International Association of Insurance Supervisors; IAIS)-ны 24 дэх удаагийн жилийн ээлжит хурал Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. “Даатгалын зохицуулалт: Цар хүрээгээ тэлье” сэдэвт тус хуралд Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат оролцов.

Монгол Улс Даатгалын хянан зохицуулагч байгууллагуудын Олон улсын холбоонд 2002 онд элссэн жинхэнэ гишүүн бөгөөд уг гишүүнчлэлийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэн, Холбооны нэгдсэн зохицуулалт, зөвлөмжийг удирдлага болгон авахын зэрэгцээ дэлхийн 140 орчим орны 200 гаруй зохицуулагч байгууллагатай даатгалын зах зээлийн хөгжил, хяналт, зохицуулалтын сорилт, туршлага, шинэ санаачилга, ололт амжилтаа хуваалцаж, хамтран ажиллаж байна.

2017 оны ээлжит жилийн хурал Удирдах зөвлөлийн дугуй ширээний уулзалт болон нэгдсэн хуралдаан гэсэн бүтцээс явагдаж, нэгдсэн хуралдааны хүрээнд даатгуулагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлж даатгагчдын уламжлалт арга барилыг шинэчлэх, бизнес загвар болон даатгалын бүтээгдэхүүнийг түгээх арга ажиллагааг шинэчлэх, мөн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, шат ахиулсан шинэ зорилтыг тодорхойлох зэрэг бодлогын сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Тухайлбал, даатгалын зах зээлийн бизнес загварыг шинэчлэх асуудлын хүрээнд даатгуулагч нартай тулж харьцаж ажилладаг уламжлалт “High Touch” арга ажиллагааг “High Tech” загварт шилжүүлэн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар нэгдсэн шийдвэрт хүрлээ.

Хурлаар Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр сонголоо. Ерөнхий нарийн бичгийн даргаар ӨАБНУ-ын банкнаас бусад салбарын төрийн зохицуулагч байгууллага болох Financial Services Board-ийн даатгалын зохицуулалт, хяналт хариуцсан дэд дарга Ж.Диксон сонгогдов.

Холбооны дараагийн ээлжит жилийн уулзалт Люксембургийн Вант Улсад 2018 оны 11 дүгээр сарын 8-9-нд болно.