Нэмэгдсэн: 2017-11-02 10:20:00

Банкнаас бусад санхүүгийн зах зээлд Санхүүгийн зохицуулах хорооноос батлан мөрдүүлж буй журам, дүрэм, заавруудыг шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн дагуу шинэчлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд шинэчлэн боловсруулсан төслүүдийг www.frc.mn сайтын Таны туслах цэсийн Хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хэсэгт нээлттэй байршуулан, санхүүгийн зах зээлийн оролцогчид, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч нар, иргэд олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар, өмнө мэдээлсэн Үнэт цаасны зах зээлийн журмуудаас гадна Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохицуулалтын журам, заавар, Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам, Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн маягт бөглөх, баримт бичгийг бүрдүүлэх заавар болон Даатгалын салбарт мөрдөгдөж буй дүрэм, журам, заавар, аргачлалыг “Даатгалын багц дүрэм” болгон нэгтгэж өөрчлөн боловсруулсныг хэлэлцүүлж эхлээд байна. “Даатгалын багц дүрэм” нь дотроо 22 акттай бөгөөд тус бүрд нь оролцогчид, олон нийтээс санал авч, эцэслэн батлах юм.