Нэмэгдсэн: 2017-10-20 10:22:00

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хоршоологчид оо

Хатагтай, ноёд оо

Та бүхний өглөөний амгаланг эрье.

 

Өнөөдөр Олон Улсын Хадгаламж, зээлийн хоршооны өдөр.

Дэлхий дахинд нэгэн зэрэг ёслон тэмдэглэж байгаа энэ өдрийг тохиолдуулан зохиож буй “Хадгаламж, зээлийн хоршоодын хөгжлийн чуулган”-даа хуримтлуулсан туршлага, мэдлэг, мэдээллээ хуваалцахаар хүрэлцэн ирж, оролцож буй санхүүгийн хоршоологч Та бүхэнд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, хүндэт зочдодоо Олон Улсын ХЗХ-ны өдрийн мэндийг дэвшүүлье.

Европ тивнээ 1850-аад оны үед анхны ХЗХ үүссэнээс хойш улс орнуудад санхүүгийн үйлчилгээг иргэдэд ойр үзүүлдэг, өөрсдөө өмчилж, удирдан хянадаг энэхүү тогтолцоо хөгжсөөр 160 гаруй жилийг туулжээ. Эдүгээ Дэлхийн 150 гаруй оронд 68 мянга гаруй ХЗХ нийт 1.7 их наяд долларын актив хөрөнгөөр 235 сая гаруй гишүүддээ үйлчилгээ үзүүлж байна.

Монгол Улсад ХЗХ үүсэж хөгжөөд эдүгээ 21 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд бичил санхүүгийн тогтолцооны үндэс суурь амжилттай тавигдаж, хоршоод ч багагүй амжилт, туршлагыг хуримтлуулж чадлаа. Эхэн үедээ төрөөс тавих хяналт, зохицуулалт хангалтгүй, хоршооны талаарх иргэдийн мэдлэг хомс байснаас болж зарим хоршоодын үйл ажиллагаа гишүүдийнхээ төлөө үйлчилдэг байх сонгодог утгаасаа гажуудан, санхүүгийн пирамид хэлбэрт шилжиж, хүсэмгүй үр дүн дагуулж, иргэдийн дунд хадгаламж, зээлийн хоршоодын нэр хүндийг унагаасан гашуун сургамж ч бидэнд бий.

Гэсэн хэдий ч ХЗХ бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бага, дунд орлоготой иргэдийн санхүүгийн анхдагч хэрэгцээг хангаад зогсохгүй өргөн уудам нутагтаа тархан суурьшсан иргэддээ хүрч үйлчилдэг нийгэм, эдийн засгийн чухал институци болоод байна. Энэ оны II улирлын байдлаар манай ХЗХ-ны тоо 287, нийт хөрөнгийн хэмжээ 129.5 тэрбум төгрөг байна.

ХЗХ-дын тоо, санхүүгийн гол үзүүлэлтүүд өсөж байгаа ч санхүүгийн зуучлалд гүйцэтгэж буй үүрэг нь хязгаарлагдмал байсаар байна. Азийн орнуудын дунд манай ХЗХ-ны нийт актив хөрөнгө 0.03%-ийг, харин гишүүдийн тоо 0.1%-ийг эзэлж байна.

Санхүүгийн зохицуулах хороо ХЗХ-дыг мэргэжлийн санхүүгийн байгууллага болгон хөгжүүлэх, эрсдэл даах чадвар болон үйл ажиллагааны цар хүрээг нь нэмэгдүүлэх, хяналт шалгалтын үр дүнтэй тогтолцоонд шилжүүлэх бодлого баримталж, олон нийт, гишүүдийнхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх замаар засаглалыг сайжруулж, хууль, журмын хэрэгжилтийг хангахад нь Хоршоодод удирдлагын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Ердөө хоёрхон 7 хоногийн өмнө Засгийн газар “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлаад байна. Уг хөтөлбөрт ХЗХ-ны салбарын хөгжлийн бодлогыг нарийвчлан тодорхойлж, дунд хугацаанд эдийн засагт гүйцэтгэх үүргийг одоо байгаа түвшнээс 2-3 дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ бол бид бүхний дунд хугацаанд зорьж, чиглэж ажиллах үндсэн зорилт.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ХЗХ-д салбарынхаа тогтвортой, эрсдэлгүй байдлыг хэрхэн хангах, бүтэц, тогтолцооны ямар өөрчлөлт, шинэчлэлт хийхээ хэлэлцэхээр өнөөдөр энд хуран цуглаад байна.

Санхүүгийн зохицуулах хороо олон улсын энэ нийтлэг жишгийн дагуу ХЗХ-дыг мэргэшин чадавхажсан, гишүүд, харилцагчдын эрх ашиг хамгаалагдсан, мэдээллийн ил тод байдал хангагдсан, хууль эрх зүйн орчин төлөвшсөн зах зээл болгох хөгжүүлэх бодлогыг баримталж байна.

Энэ бол бид бүхний хамтын бодлого, нийтлэг ашиг сонирхол бөгөөд үүнийг ажил хэрэг болгож, хамтаараа хөгжихөд та бүхний идэвхтэй оролцоо, санал санаачилга чухал гэдгийг онцлон хэлье.

Өнөөдрийн Хөгжлийн чуулганаас хоршоо бүрийн тогтвортой хөгжлийг дэмжих бодлого, нэгдмэл шийдэл, дэвшилтэт арга, тогтолцоог тодорхойлсон бодит дүгнэлт, шилдэг санаа гарна гэдэгт итгэлтэй байна.

Хөгжлийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

2017 оны 10 дугаар сарын 19

Улаанбаатар хот