Нэмэгдсэн: 2017-09-22 10:19:00

Улаанбаатар хотноо хуралдсан Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо хөтөлбөрийн Төр-Хувийн хэвшлийн Зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө.

Монгол болон Пакистан, Филиппин, Вьетнам, Индонез, Балба, Шри-Ланка Улсын санхүү, даатгалын зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшлийн Зөвлөлдөх уулзалтын сүүлчийн өдөр буюу өчигдөр уул уурхайн салбарын жижиг, дунд үйлдвэрлэлийн эрсдлийг даатгах, жижиг, дунд бизнест зориулсан даатгалын зохицуулалт, сорилт туршлага гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Жижиг, дунд бизнесийн гол эрсдэлүүдэд санхүүгийн, байгалийн гамшгийн, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлын эрсдэлийг оролцогчид нэрлэсэн бөгөөд ялангуяа, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулахад төрийн байгууллагуудын бодлогын уялдаа, хувийн хэвшлийнхний нягт хамтын ажиллагаа онцгой үүрэгтэйг чухалчилсан юм. Тийм ч учраас даатгалын салбарын зохицуулалт өргөн хүрээтэй, хүртээмжтэйн зэрэгцээ бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл шаардлага амьдралд ойр, уян хатан байх шаардлага урган гарч буйг хөндөн ярилцлав.

Зөвлөлдөх уулзалтыг хааж хэлсэн үгэндээ Санхүүгийн зохицуулах хороо (Хороо)-ны дарга С.Даваасүрэн “даатгалын зах зээлийг тэлэх, хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд зохицуулагч байгууллагуудын бодлого, зохицуулалт хэрхэн нөлөөлж буйд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, дараа дараагийн алхмаа оновчтой төлөвлөж ажиллах явдал ихээхэн чухал” болохыг онцоллоо. Тэрээр, гурав дахь удаагийн Төр-Хувийн хэвшлийн Зөвлөлдөх уулзалтыг ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан болон Хорооны удирдлага Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI, The Alliance for Financial Inclusion)-ийн Захирлуудын Зөвлөлд сонгогдсон зэрэг нь манай бодлого, үйл ажиллагаанд олон улсын байгууллагууд, бүс нутгийн болон дэлхийн улс орнууд ихээхэн итгэл найдвар өгч буй хэрэг юм гээд, энэ бүхэнтэй хамт асар их үүрэг, хариуцлага ирж байгааг дурдав.

Зөвлөлдөх уулзалтын үр дүнд жижиг, дунд бизнесийн нийтлэг эрсдэлүүдийг бууруулах, хөгжлийг дэмжих даатгалын бодлого болон хүртээмжтэй бичил даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, санхүү, даатгалын талаар хэрэгжүүлж буй төрийн зохицуулалтыг оновчтой болгох зэрэг өргөн хүрээний асуудлуудаар зөвлөмж гаргаж, хөтөлбөрт оролцож байгаа улс орнуудад чиглэл өгнө.

Төр-Хувийн хэвшлийн Зөвлөлдөх уулзалт өндөрлөсний дараа Жижиг, дунд үйлдвэрлэл, бизнест зориулсан Гамшгийн даатгал сэдэвт Олон Улсын зөвлөлгөөн эхэлсэн юм. Зөвлөлгөөнөөр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон байгалийн гамшгийн хохирлыг бууруулахад чиглэсэн даатгалын тогтолцоог бий болгох, эрсдэлийг удирдах, үнэлэх дэвшилтэт загварууд, сайн жишээ, туршлага болон удирдах боломжгүй эрсдэлүүдийг даатгах зэрэг гэх мэт олон асуудлыг багийн хэлэлцүүлэг, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх гэх мэт бүтээлч аргаар ярилцан, гарц шийдлийг эрэлхийлж байна.

 

 

 

 

 

 

 

 

Зөвлөлгөөний үндсэн сэдвүүдийг Монгол Улсын нөхцөл байдал, бодит баримтуудад тулгуурлан хэлэлцэж байгаа бөгөөд ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банк болон Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох хүмүүс оролцож байна. Зөвлөлгөөн өнөөдөр өндөрлөнө.