Нэмэгдсэн: 2017-09-22 00:51:00

Санхүү, даатгалын зохицуулах хорооны гишүүд ээ

Бодлого боловсруулагч, зохицуулагч, хянан шалгагч нар аа

Азийн даатгалын зах зээлийн оролцогчид, хөрөнгө оруулагчид аа

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа

Та бүхний өглөөний амгаланг эрье.

 

Хүртээмж. Энэ бол даян дэлхийн санхүүгийн хөгжлийн шинэ чиг зорилго, алсын хараа юм.

Мөнгө, санхүү бол хүн бүхний өдөр тутмын, өргөн хэрэглээний зүйлсийн нэг. Нийгэмд эзлэх байр суур, боловсролын түвшин, арьсны өнгө, шашин шүтлэг, нас, хүйс болон хот, хөдөөгийн хаана амьдарч, ямар бизнес эрхэлж, хэр хэмжээний орлого олж байгаагаасаа үл хамааран хүн бүр санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч, үйлчилгээг хүртэгч байх ёстой. Зүгээр ч үгүй, тэр бүтээгдэхүүн, үйлчилгээг хялбар, шуурхай, өргөн сонголттойгоор, боломж бололцоондоо тохирсон нөхцөлөөр авч чаддаг байх ёстой.

Харамсалтай нь, хүн төрөлхтний 60 хувь нь оршин амьдардаг Ази тивийн ядуу буурай, бага, дунд орлоготой иргэд, жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл, мал аж ахуй, тариалан, далай тэнгисийн ан агнуур эрхлэгчид санхүүгийн үйлчилгээг харьцангуй хязгаарлагдмал хүртдэг байдал хэвээр байна. Монголын уудам талд бэлчээрийн малаа адуулан аж төрж буй малчид хөдөөгийн буйд хязгаараасаа санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг тэр бүр авч чадахгүй, үнэт цаасны зах зээлд оролцох тухай ойлголт ч байхгүй, өвлийн зуд, зуны ган гачгийн эрсдэлээс мал сүргээ даатгуулж чадахгүй хэвээр байна.

2016 оны байдлаар Монгол Улсын нийт иргэдийн 20 гаруй хувь нь ядуу амьдарч байна. Үндэсний Статистикийн хорооноос гаргадаг улирал тутмын тайлангаас харахад, манай улсад аюулт үзэгдэл, ослын болон гэмт хэргийн тохиолдлууд сүүлийн жилүүдэд ихсэж, үүний улмаас иргэд, байгууллагуудад учирч буй хохирлын хэмжээ нэмэгджээ. Монголбанкнаас өнгөрсөн онд хийсэн “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн түүвэр судалгаа”-нд оролцогчид ажилгүйдэл, ядуурал, улс төрийн тогтворгүй байдал, валютын ханш, төрийн үйлчилгээ, хүнд суртал, хуулийн хэрэгжилт, зээлийн хатуу нөхцөл, өндөр хүү, шимтгэл зэрэг олон олон хүндрэл бэрхшээлийг дурдсан нь бүгдээрээ бизнесийн эрсдэл юм.

Энэ бүхэн иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид өөрт учирч болзошгүй эрсдэлээ даатгуулдаг байх, даатгалын үйлчилгээг сар тутмын тогтмол зардалдаа төлөвлөж, төсөвлөж авдаг зуршил, заншлыг бий болгох зайлшгүй шаардлага, гарцаагүй нөхцөл юм.

Ноёд, хатагтай нар аа

Юуны өмнө би, “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” /Regulatory Framework Promotion for pro-poor insurance markets in Asia / хөтөлбөрийн гурав дахь удаагийн Төр-Хувийн хэвшлийн зөвлөлгөөнийг Улаанбаатарт хийх Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны хүсэлтийг хүлээн авч, хамтран зохион байгуулж байгаа ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт талархал илэрхийлье.

Нийгэмлэгийн хамт олон хөтөлбөрт хамрагдсан улс орнуудын туршлага хуваалцаж, алдаа, оноогоо хэлэлцэн, харилцан санал солилцох уулзалтыг зохион байгуулахдаа “төр-хувийн хэвшлийн зөвлөлгөөн” хэлбэрийг сонгож авсан нь оновчтой шийдэл болсныг энд онцолъё. Даатгалын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг одоо байгаагаас илүү хүртээмжтэй болгож, иргэн бүрийг амьдралын элдэв эрсдэлээс хамгаалж чаддаг тогтолцоо бүрдүүлэхэд зохицуулагч байгууллага, даатгагч аж ахуйн нэгж, иргэд, олон нийт итгэл үнэмшил, ойлголтоо нэгтгэж хамтран ажиллах ёстой.

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо хүртээмжтэй даатгалын зохицуулалтыг сайжруулах талаар багагүй хүчин чармайлт гаргаж, цөөнгүй ажлыг хийж байна. Тэр дундаа, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн хэрэгжүүлж буй “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” хөтөлбөрийн хүрээнд хүртээмжтэй даатгалын үйл ажиллагааг тодорхойлж, тавигдах шаардлагыг тогтоон, зохицуулалтын орчны үнэлгээ, бүтээгдэхүүний судалгааг хийгээд байна.

2014 онд бид хөтөлбөрийн тусламжтайгаар “иргэн бүрийг хамруулах зорилго бүхий, даатгалын гэрээний үг хэллэг нөхцөл нь энгийн ойлгомжтой, даатгалын хураамжийн хэмжээ болон нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийн тоо бага байх сайн дурын даатгалын бүтээгдэхүүн” гэж хүртээмжтэй даатгалыг тодорхойлсон.

Гэвч иргэд, байгууллагын санхүүгийн чадавх, нөгөө талаас даатгалын компаниудын борлуулж буй даатгалын бүтээгдэхүүн нь тэдний эрэлт хэрэгцээнд нийцээгүй, мөн борлуулж буй борлуулалтын суваг хүртээмжтэй бус байгаагаас бага, дунд орлоготой иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчид даатгалын үйлчилгээг хангалттай хүртэж чадахгүй байна.

Тиймээс бага, дунд орлоготой иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн даатгалын жишиг бүтээгдэхүүнийг бий болгох, түүнийг борлуулах борлуулалтын сувгийг өргөжүүлэх, иргэд, олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, үйлчилгээг тэдэнд ойртуулах, даатгалын компаниудыг дэмжсэн зохицуулалтын орчныг бий болгох зэрэг ойрын зорилтуудаа тодорхойлоод ажиллах байна.

Ноёд, хатагтай нар аа

Бүс нутгийн хөгжил, Ази хүмүүсийн амьдралын тав тух, энх амгалан байдал та бидний зөв бодлого, хичээнгүй зүтгэлээс шууд хамаарч буйг гүнээ ухамсарлахыг хүсье. Хэл яриа, зан заншил, үндэс угсаа өөр ч гэлээ бид нэгэн зорилгын төлөө ажиллаж яваа хамтран зүтгэгчид билээ.

Тиймээс төр нь төр, хувийн хэвшил нь хувийн хэвшил гэж ялгагдалгүй, зөвлөлгөөндөө идэвхтэй оролцож, үнэтэй санал бодлоо ний нуугүй хэлэлцэн, ололт, туршлагаа харамгүй хуваалцаарай.

Та бүхэнд амжилт, аз жаргал, сайн сайхныг хүсье.

 

2017 оны 9 дүгээр сарын 20

Улаанбаатар хот