Нэмэгдсэн: 2017-09-19 15:37:00

“Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” хөтөлбөрийн Улаанбаатарын зөвлөгөөн өнөөдөр тус хөтөлбөрт оролцогч улсуудын ололт, туршлага солилцох форум (Mutual Exchange Forum on Inclusive Insurance)-ын ажлын уулзалтаар эхэллээ.

ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс Монгол, Индонез, Вьетнам, Пакистан, Балба, Филиппин, Камбожи, Шриланк Улсуудтай хамтран 2013 оноос хэрэгжүүлж буй дээрх хөтөлбөр “Зохицуулалт ба хяналтыг сайжруулах”, “Бизнесийн загварыг хөгжүүлэх”, “Мэдлэг, мэдээллийг удирдах”, “Чадавхи, ур чадварыг дээшлүүлэх” гэсэн үндсэн ажлын хэсгээр үйл ажиллагаа явуулдаг юм. Эдгээр ажлын хэсгүүд өнөөдрийн Ажлын уулзалтын хүрээнд тус тусын салбар хуралдаануудыг хийж, 2017 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн, ирэх онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөв. Ажлын хэсгүүдийн дүгнэлт, төлөвлөлтийг Хөтөлбөрийн Бүсийн удирдах зөвлөлөөр хэлэлцэж, хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд улс орнуудад тулгамдаж байгаа сорилт, бэрхшээл, тэдгээрийг хэрхэн даван туулж буй арга туршлагыг зөвлөн ярилцав.

Ажлын уулзалтыг Хөтөлбөрийн захирал, доктор Антонис Малагардис чиглүүлж, Пакистаны Үнэт цаас, биржийн хорооны захирал, ноён Заиди Сайед Найяр Хусэйн хөтлөн явууллаа. Бүсийн удирдах зөвлөлийн хуралдаанаар даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд жижиг, дунд бизнесийн эрсдэлийг даатгах, бичил даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологид суурилан хүртээмжийг өргөжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, тодорхой чиглэлүүд гаргахаар боллоо.

Түүнчлэн, Бизнесийн загварыг хөгжүүлэх ажлын хэсгийн чиг үүрэгт дэвшилтэт технологийн асуудлыг нэмж, Гамшгийн эрсдлийн даатгалын ажлын хэсгийг шинээр байгууллаа. Ингэснээр Хөтөлбөр таван ажлын хэсэгтэй болон өргөжиж байна. Мөн ажлын хэсгүүдийг ирэх онд ямар ямар улсын зохицуулагч байгууллагууд ахалж, манлайлж ажиллахыг Бүсийн удирдах зөвлөл сонгон шийдвэрлэлээ.

Хөтөлбөрийн Улаанбаатарын зөвлөлгөөн маргааш “Жижиг, дунд бизнест зориулсан даатгал” сэдэвт Төр-Хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтаар үргэлжилнэ.