Нэмэгдсэн: 2017-09-12 19:04:00

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Л.Энхтайван Орхон аймагт ажиллаж, Засаг дарга Д.Батлут болон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг нартай уулзан, банкнаас бусад санхүүгийн салбарын бодлого, зохицуулалт, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Хууль, дүрэм, холбогдох зохицуулалтаар аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд Хорооны орон нутаг дахь төлөөлөгчөөр ажилладаг юм.

Гишүүн Л.Энхтайван санхүүгийн тогтвортой байдал, банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын өсөлт хөгжлийг дэмжих, хэрэглэгчдийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэх боломжийг нэмэгдүүлэх Хорооны бодлогыг танилцуулж, орон нутагт тулгамдаж байгаа болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар санал солилцлоо. Засаг дарга Д.Батлут бичил бизнес эхлүүлж байгаа ба барьцаа хөрөнгөгүй иргэдэд хүүгийн дарамт багатай зээл олгох арга замыг эрэлхийлж буйгаа дурдан, энэ талаар банкнаас бусад санхүүгийн салбарыг түшиглэж ажиллах, хууль, эрх зүйн болон зохицуулалтын боломжийг Хороотой хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Итгэлийн зээл” олгохоор заасан бөгөөд үүнд зориулан тодорхой хэмжээний хөрөнгийг орон нутгийн төсөвт суулгасан байгааг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг дурдаж, хөрөнгийг зорилтот бүлэгт оновчтой хүргэх талаар Хороо санал, дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн хаалттай хувьцаат компаний хэлбэрээр байгуулагдсан “Зэс эрдэнийн хувь” компаний хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс зохих хяналт, шалгалт хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хорооны гишүүн Л.Энхтайван дараа нь Орхон аймгийн зохицуулалттай байгууллагуудын төлөөлөл болгон “БидЭТ” банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, “Би Ди Сек” үнэт цаасны компанийн салбарын ажилтай танилцав.

“БидЭТ” ББСБ 2.5 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, мөн 2.0 тэрбум гаруй төгрөгийн активтай үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ Улаанбаатар хотод өөрийн салбарыг нээсэн байна. “Нийслэлд байгуулагдаад, орон нутагт салбараа байгуулдаг ББСБ их байхаас биш орон нутагт байгуулагдаад Улаанбаатарт салбараа нээдэг нь тун ховор” гэж гишүүн Л.Энхтайван онцлоод, компаний санхүүгийн болон зах зээлийн үзүүлэлтийг лавлаж ярилцав. Тус ББСБ-ын эдийн засагч М.Цэрэнням аймгийн банк бус санхүүгийн үйл ажиллагааны орчин, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт, харилцагчдын хандлага, мэдээллийг танилцуулж, ерөнхий нягтлан бодогч Д.Пүрэвсүрэн байгууллагынхаа үйл ажиллагааны болон зохистой харьцааны үзүүлэлтийг ярилаа. ББСБ ажил хэвийн, зээлийн чанар дээгүүр байна.

“Би Ди Сек” үнэт цаасны компанийн Орхон аймаг дахь салбарын брокер А.Эрдэнэзул харилцагчдын захиалга жигд, хэлцлийн биелэлт цаг хугацаандаа хийгдэж байгааг Хорооны гишүүн Л.Энхтайванд танилцуулж, сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд 23.0 сая төгрөгийн арилжаа хийснээ дурдлаа. Хөрөнгө оруулагчид Хөрөнгийн биржийн Топ20 ангиллын хувьцааг голчлон худалдан авч, арилжиж буйг тэрээр онцлоод, нийслэл дэх төв оффис болон төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн байгууллагуудтай саадгүй харилцаж, цаг алдалгүй ажиллаж байгаагаа ярив.