Нэмэгдсэн: 2017-09-08 16:28:00

Мэдээллийн технологи, харилцаа холбооны хурдацтай хөгжил бүхий л салбарт шинэ шинэ өргөн боломжуудыг нээж өгч байна. Санхүүгийн харилцаа, төлбөр тооцооны системийн хөгжилд технологийн дэвшил эрчимтэй нөлөөлж, тэр хэрээр харилцагчид халдлагад өртөх, хувийн мэдээллээ алдах зэрэг цахим аюулгүй байдлын эрсдэл өсөн нэмэгдсээр байна.

Энэ асуудлаар Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /The Alliance for Financial Inclusion; AFI/-ээс өнгөрөгч сард Малайз Улсын Төв банктай хамтран Куала Лумпур хотноо бодлогын чуулган зохион байгуулав. Бодлогын чуулганд Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын төлөөлөл оролцож, AFI-ийн гишүүн орнуудын төлөөлөгчидтэй цахим аюулгүй байдлын сорилт, туршлагын талаар санал солилцлоо.

Бодлогын чуулганы үндсэн сэдвийн дор цахим аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлага, улс орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж буй асуудал зэргийг хэлэлцэх хүрээнд Малайз, Морокко, Йордан, Кени, Нигери улсын төлөөлөгчид өөрийн орны стратеги, зорилго зорилтуудыг танилцуулж, туршлага хуваалцав. Улсын хэмжээний бодлого, төлөвлөлтөөс гадна санхүүгийн зохицуулагч байгууллагууд, үйлчилгээ үзүүлэгч бүр өөрийн цахим аюулгүй байдлыг хангах стратегитай байх шаардлагатайг бодлогын чуулганаар онцлон дүгнэлээ.