Нэмэгдсэн: 2017-08-28 15:29:00

Санхүүгийн зохицуулах хорооны нийт албан хаагчид өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, саналаа өглөө.

Энэ асуудалд бүх нийтийн оролцоог хангах нь зүйтэй гэж үзэн, УИХ-аас тогтоол гаргасны дагуу өнөөдөр орон даяар хэлэлцүүлэг явагдаж байна. Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнол, нийгмийн зөвшилцөл, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон, төрийн тогтолцоо, засаглалын зарчмыг тодорхойлсон суурь хууль учраас түүнд өөрчлөлт оруулах асуудал өнөөдөр хамгийн чухал үйл хэрэг болоод байна гэж хэлэлцүүлгийг удирдан явуулсан Хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц онцолсон юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны зөвлөх Б.Батдэлгэр, референт О.Нарантуяа нар уригдаж оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, тэдгээрийн үзэл баримтлал, холбогдох судалгаа болон гарах үр дүн, ач холбогдлын талаар танилцууллаа. Төсөлд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн, мөн Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээ, зааг ялгааг тодотгосон, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүтцийг шинэчилсэн тодорхой өөрчлөлтүүд орохоор тусгасан байна. Төрийн албаны хараат бус, тогтвортой, мэргэшсэн байх зарчим, төрийн хяналтын тогтолцоо, УИХ-ын хянан шалгах чиг үүрэг гэх мэт олон чухал асуудлыг нарийвчлан тусгажээ.

Хорооны албан хаагчид Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, тэдгээрийн тооцоо судалгаа, хэрэгжүүлэх арга зам болон өөр бусад хувилбаруудын талаар асуулт асууж, санал бодлоо илэрхийлж, харилцан ярилцав. Мөн УИХ-ын Тамгын газраас боловсруулсан саналын хуудсаар төслийн заалт нэг бүрт саналаа өгч, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд гар бие оролцоцгоолоо.