Нэмэгдсэн: 2017-08-25 14:28:00

“Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудыг Холбоо (МББСБХ)-ноос санаачлан, жил бүрийн Залуучуудын өдрөөр уламжлал болгон явуулж байгаа энэхүү нийгмийн хариуцлагын чэлленжид даатгалын, үнэт цаасны, хадгаламж, зээлийн хоршооны зэрэг манай бусад салбарын аж ахуйн нэгжүүд нэгдэж, хүүхдийн инээд хөөр улам өргөжөөсэй гэж хүсэж байна” хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан “1000 цүнх challenge”-ийн нээлтэд хэлсэн үгэндээ дурдлаа.

Өнөөдөр нийслэлийн төв талбайд амьдралын боломж, бололцоо тааруу, нийгмийн эмзэг бүлгийн айл өрхийн 1000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл, цүнх бэлэглэх ёслол боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд оролцож, чэлленжид нэгдсэн банк бус санхүүгийн байгууллагуудад талархал илэрхийлэн, номын цүнх, хичээлийн хэрэгсэл гардаж буй хүүхдүүдэд сурлагын амжилт хүссэн юм.

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, тэдгээр өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох, эрдэмд шамдах эрмэлзлийг дэмжих, урам зоригийг нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах зорилготой “1000 цүнх” энэ жил хоёр дахь удаагаа болж буй юм. “Бид хотын захын хороодоос санал аван, амьжиргаа тааруу айл өрхүүдийг сонгож, тэдгээр өрхийн 6-12 насны хүүхдүүдэд цүнх олгож байна. Ёслолын маань нэр нь 1000 гэж байгаа ч бид энэ 1100 хүүхдийг баярлууллаа. Алсдаа энэ тоог 10000-д хүргэх хэмжээнд олон байгууллага, аж ахуйн нэгжүүдээр манай аян хүрээгээ тэлэх байх аа” гэж МББСБХ-ны ерөнхийлөгч А.Алтансүх ярилаа.

Хүүхдүүдэд хичээлийн цүнх гардуулах ёслолын үеэр чэлленжид нэгдсэн ББСБ-ууд тус тусын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, залуучууд, бага орлоготой иргэд, өрхөд зориулсан бичил санхүүгийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэн, нээлттэй ажиллав.