Нэмэгдсэн: 2017-06-02 17:56:00

  Ховд аймагт өнөөдөр эхэлсэн Даатгалын төлөөлөгчийн эрх олгох сургалтын үеэр Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны дарга, доктор С.Даваасүрэн даатгалын компаниудын тус аймаг дахь салбарууд, аймгийн Төрийн сангийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн үндэсний төвийн төлөөллүүдтэй уулзлаа. Тэрээр даатгалын салбарын өнөөдрийн төлөв байдал, статистик үзүүлэлтээс товч танилцуулж, Хорооноос даатгалын салбарыг хөгжүүлэх талаар баримталж байгаа бодлого, дунд болон урт хугацааны зорилго, зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд авч буй арга хэмжээний төлөвлөлт, хууль, эрх зүйн болон зохицуулалтын орчны шинэчлэлтийн талаар ярьж, тэдний саналыг сонслоо.

  Уулзалтад оролцсон орон нутгийн албан хаагчид даатгалын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сурталчилгаа хөдөөд хангалтгүй, салбарын ажилтан, даатгалын төлөөлөгчдийг чадавхижуулах, давтан сургаж мэргэшүүлэх, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлийн үйл ажиллагаа ховор байдгийг дурдаж байсан юм. Мөн ажиллах орчин нөхцөл, үйл ажиллагааны болон удирдлагын уялдаа сайнгүй байгааг анхаарч ажиллахыг хүсэв.

  Уулзалтад оролцогчдын гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэх талаар анхаарч ажиллахаа Хорооны дарга С.Даваасүрэн илэрхийлээд, цаашид даатгалын салбарын хөгжилд орон нутаг дахь даатгалын салбар, ажилтан, төлөөлөгчдийн хувь оролцоо, үүрэг хариуцлага улам чухлаар тавигдана гэдгийг онцоллоо.

  Уулзалтад Хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат, ахлах референт З.Батболд, Албан журмын даатгагчдын болон Монголын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав, Ж.Батжаргал нар оролцлоо.