Нэмэгдсэн: 2017-06-02 16:47:00

  Орон нутгийн Хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-дод зориулсан удирдах ажилтнууд, нягтлан бодогчдын баруун бүсийн сургалт Завхан аймагт үргэлжилж байна. Санхүүгийн зохицуулах хороо, Азийн хөгжлийн банк /АХБ/-тай хамтран зохион байгуулж байгаа тус сургалт Архангай аймагт өнгөрсөн сарын 30-31-нд эхэлсэн бөгөөд Завхан аймагт өнөөдөр эхэлж буй сургалтад Ховд, Увс, Говь-Алтай, Завханы нийт 18 хоршооны төлөөллүүд хамрагдаж байна.

 Санхүүгийн зохицуулах хорооны ХЗХ-ны газрын мэргэжилтнүүд, АХБ-ны төслийн олон улсын зөвлөх Пиер Сэгуйн, үндэсний зөвлөх Т.Оюунчимэг нар сургалтыг удирдан явуулж ХЗХ-ны хууль, эрхзүй, зохицуулалтын орчин, засаглал, дотоод хяналт, нягтлан бодох бүртгэлийг сайжруулах, эрсдэлийг тооцоолох, бууруулах арга аргачлал зэрэг сэдвээр оролцогчдод мэдлэг олгож байна. Үүний дотор АХБ-ны зөвлөх, ноён Пиер Сэгуйн хадгаламж, зээлийн хоршооны олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлага, үе шат болон сорилт, эрсдэлийг талаарх лекц уншиж буй юм.