Нэмэгдсэн: 2017-05-17 08:39:00

  Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан, Хорооны гишүүн Л.Энхтайван болон холбогдох удирдлагууд “Монголын хөрөнгийн бирж” /МХБ/ ТӨХК болон “Арилжааны төлбөр тооцоо” /АТТ/ ХХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТХТ/ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

  “Монголын хөрөнгийн бирж” /МХБ/ ТӨХК анх 1991 онд байгуулагдсан бөгөөд тус компанийн арилжааны төлбөр тооцооны нэгж нь 2003 онд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТТТХТ/ ХХК болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан байна. Улмаар “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТТТХТ/ ХХК Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2016 онд “ҮЦТХТ” ХХК болон АТТ ХХК болон өөрчлөн байгуулагдсан байна.

   МХБ ТӨХК нь 2012 оны 7 дугаар сараас эхлэн үнэт цаасны арилжааг Millennium IT системээр дамжуулан явуулж байна. Харин “ҮЦТХТ” ХХК, АТТ ХХК-уудын үндсэн үйл ажиллагаа, тайлан, мэдээлэл нь E-Clearing House системээр явагддаг, уг системийн мэдээлэл нь Millennium IT системтэй шууд уялдахгүй, мэдээллийг систем хооронд шилжүүлэхэд гар ажиллагаа шаардаж байгаа нь хүндрэл үүсгэж буй юм.

   Монголын хөрөнгийн бирж 2013 онд олон улсын хөрөнгийн зах зээлийн зэрэглэл тогтоох индекс болох FTSE-ийн “хөгжиж буй зах зээл”-ийн зэрэглэлд хамрагдах зорилгоор уг группын ажиглалтын жагсаалтад орсон боловч түүнээс хойшхи хугацааанд зах зээлийг идэвхжүүлэх, арилжааны төлбөр тооцооны горимыг дараа төлбөрт горимд шилжүүлэх чиглэлээр тодорхой ахиц гаргаагүй тул жагсаалтаас хасагдаж болзошгүй болоод байгааг МХБ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай танилцуулав.

  Хөрөнгийн зах зээлийн арилжааны төлбөр тооцооны системд DvP зарчимыг нэвтрүүлэх, төлбөр тооцоог Т-2 горимд шилжүүлэх болон төлбөр урьдчилан байршуулж буй одоогийн тогтолцоог халж, арилжаа, хэлцлийн гүйцэтгэлийг хялбаршуулах шаардлагатайг компанийн удирдлагууд онцолсон юм. Үүний тулд гишүүн компаниуд, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүддээ батлан мөрдүүлж буй журам, дүрмийг шинэчлэх, уялдуулах, мөн Хорооны баримталж буй бодлого, зохицуулалтад нийцүүлэх шаардлага үүсээд байгаа юм.

  Хорооны удирдлагууд компаниудад зах зээлийн төлөв, хөгжлийн хандлага, байгууллагын алсын хараа болон урьд өмнөх шийдвэрүүдийн хэрэгжилт, тэдгээрийн бодлогын уялдааг задлан шинжилж, нэгтгэн дүгнэсэн дэлгэрэнгүй үндэслэл бүхий төлөвлөгөө боловсруулахыг даалгалаа. Мөн “ҮЦТХТ” ХХК-д хуримтлагдсан ноогдол ашгийг эздэд нь хуваарилах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж ажиллуулахаар боллоо.