Нэмэгдсэн: 2017-05-15 11:43:00

Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ нь зөвхөн гишүүдийнхээ эдийн засаг, нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлдэг ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тодруулбал, ХЗХ гишүүдийнхээ эрэлтэд нийцсэн, мэдрэмж сайтай, хүнд сурталгүй, шуурхай үйлчилгээ үзүүлдэг давуу талтай. Тийм ч учраас үйл ажиллагаа нь удирдлага, менежментээсээ ихээхэн шалтгаалдаг онцлогтой.

Хэрэв Та аль нэг ХЗХ-нд гишүүнээр элсэх гэж байгаа бол юуны өмнө хоршооны дүрэм журам, үйлчилгээний нөхцлүүдтэй сайтар танилцах хэрэгтэй. Тухайлбал, хоршооны дүрэм, үйл ажиллагаандаа мөрдөж байгаа журам, зааврууд, эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтын тухай мэдээлэл нэн чухал юм. Мөн санхүүгийн тайлан мэдээний үнэн бодит байдал, ашиг, алдагдлынх нь талаар бас сайтар танилцах нь зүйтэй. Түүнчлэн гишүүдийнхээ нийгмийн асуудалд анхаарч байгаа байдал, удирдлагын мэдлэг боловсрол, ажлын ур чадвар, хоршооны түүх, санхүүгийн тооцоо, судалгаатай ажилладаг эсэх, гишүүд нь хоршоондоо хэрхэн хандаж байгааг ч судалж мэдвэл зохино.