Нэмэгдсэн: 2017-05-12 15:03:00

   “Манай дунд болон урт хугацааны гол стратеги бол олон тулгуурт санхүүгийн салбарыг хөгжүүлэх, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх юм” гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнөөдөр болсон “Үнэт цаасыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаа болон давхар бүртгэл” семинарыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрээр, дотоодын аж ахуйн нэгж, компаниудыг шинээр үнэт цаас, хадгаламжийн бичиг гаргаж хөрөнгө босгох, давхар бүртгэл хийж гадаадын зах зээлд гарах, мөн гадаадын компаниуд манай хөрөнгийн зах зээлд орж ирэх боломжийг нээхэд онцгой анхаарал хандуулж буйгаа дурдав.

Тус Хороо Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага-ЖАЙКА-тай “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийг 2014 оны 12 дугаар сараас хэрэгжүүлж байна. Хөрөнгийн зах зээлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандарт, өндөр хөгжсөн орны сайн туршлагаас нэвтрүүлэх, оролцогчдыг чадавхжуулах, хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах зорилготой энэхүү төслийн эхний үе шатны үйл ажиллагаа, үр дүнг саяхан уг төслийн Удирдах Зөвлөл дүгнэж, сайн үнэлгээ өгөөд байгаа юм.

Хороо, ЖАЙКА-гийн хамтран зохион байгуулсан өнөөдрийн семинарт төслийн багийн зөвлөх Риота Сугишита, Такаюүки Урадэ нар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн төлөв байдал, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдвэрлэн зах зээлийг дахин загварчлах аргачлал, үнэт цаас гаргагч дотоодын компанид тулгарч байгаа сорилт, боломжийн талаар илтгэл тавьж, Токиогийн Хөрөнгийн биржийн Олон Улсын бүртгэлийн газрын захирал, ноён Хидетоши Нагата Монголын компаниудын Японы зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломжуудыг танилцуулав.

Семинарын үеэр Хорооны дарга С.Даваасүрэн “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хоёрдугаар үе шатыг энэ оны 11 дүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр хоёр тал тохиролцсоныг дуулгав. Хоёр дахь үе шатны хүрээнд зах зээл дэх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зэрэг өмнөх үе шатны хүрээнд хийж эхэлсэн ажлуудыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хөрөнгийн зах зээлийг банкнаас бусад санхүүгийн салбарууд буюу банк бус санхүүгийн, даатгалын, хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн оролцоо, хамааралтайгаар хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хороо өнгөрсөн гуравдугаар сард Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагтай хамтран ажиллах Харилцан ойлголцлын Санамж бичгээ шинэчилж, үнэт цаасны зах зээлээс гадна банкнаас бусад санхүүгийн бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон нь ийнхүү төслийн хамрах хүрээг өргөжүүлэх боломжийг нээж буй юм байна.