Нэмэгдсэн: 2017-05-12 14:58:00

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн
“Үнэт цаасыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаа болон давхар бүртгэл”
 семинарыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

 

   Эрхэм хүндэт зочид оо,
   Ноёд, хатагтай нар аа,
   Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

  Санхүүгийн зохицуулах хороо, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран зохион байгуулж буй “Үнэт цаасыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаа болон давхар бүртгэл” сэдэвт арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

  Монгол улсын хөрөнгийн зах зээлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөрөнгийн зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлэх, зах зээл өндөр хөгжсөн орны мэдлэг, туршлагаас суралцах, хөрөнгийн зах зээлд оролцогчдыг чадавхжуулах, хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах зорилгоор “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийг Санхүүгийн зохицуулах хороо, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран 2014 оны 12 дугаар сараас хэрэгжүүлж байна.

  Төслийн хүрээнд хөрөнгийн зах зээлд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх, IPO хийж үнэт цаасаа олон нийтэд санал болгох замаар хөрөнгө босгох дотоодын компаниудад зөвлөгөө өгөх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллаа. Цаашид энэ оны 11 дүгээр сараас “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” энэхүү төслийн 2 дугаар шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Япон улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудтай тохиролцоод байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна.

   Төслийн 2 дугаар шатанд Хөрөнгийн зах зээлийг банкнаас бусад санхүүгийн салбаруудын оролцоотойгоор хөгжүүлэх талаар хамтарсан хөтөлбөр боловсруулах, Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, Хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

   Санхүүгийн Зохицуулах Хорооны зүгээс гадаад хамтын ажиллагааг өргөтгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогын хүрээнд зарим ажлуудыг хийж байгаа бөгөөд тухайлбал, өнгөрсөн 3 дугаар сард Япон улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагтай хамтран ажиллах, харилцан ойлголцлын баримт бичгээ шинэчиллээ. Ингэснээр зөвхөн үнэт цаасны зах зээлээс гадна банкнаас бусад санхүүгийн салбарын бүх зах зээлд Япон улстай хамтран ажиллах, тэдний туршлагыг судалж, нэвтрүүлэх боломжтой болж байна.

  Санхүүгийн зохицуулах хорооны дунд болон урт хугацааны гол стратеги бол олон тулгуурт санхүүгийн салбарыг хөгжүүлэх, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх явдал юм. Тиймээс бид дотоодын аж ахуйн нэгж, компаниудыг шинээр үнэт цаас, хадгаламжийн бичиг гаргаж хөрөнгө татах, давхар бүртгэл хийж гадаадын зах зээлд гарах, мөн гадаадын компаниуд манай хөрөнгийн зах зээлд орж ирэх боломжийг нээхэд онцгой анхаарал хандуулж байна.

  Хөрөнгийн зах зээл дэх нийлүүлэлтийг өсгөх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэхэд дотоодын аж ахуйн нэгжүүд гадаад болон дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаасаа олон нийтэд санал болгох, давхар бүртгүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулалтын орчин, нөхцөлийг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай байгаа юм.  

   Япон улс болон бусад улсын туршлага, үнэт цаасаа олон нийтэд санал болгох, давхар бүртгүүлэхийн ач холбогдол болон бүртгэлийн явцад тулгардаг хүндрэл бэрхшээлүүдийн талаар Токиогийн хөрөнгийн бирж болон Жайкагийн төслийн багийн зөвлөхүүд өнөөдөр илтгэл тавих болно.

  Арга хэмжээний үр дүнд Та бүхэн цаг үеэ олсон, шаардлагатай мэдээллийг олж авч, хөрөнгийн зах зээлд оролцох үүд хаалгаа нээн, салбарын хөгжилд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна.

  Өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа та бүхэнд дахин талархал илэрхийлж сайн сайхныг хүсье.

 

2017.05.12