Нэмэгдсэн: 2017-05-10 17:06:00

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Үнэт цаасны газрын ахлах референт Ц.Цэрэнтогтохтой ярилцлаа.

-Манай улсын санхүүгийн зах зээлийн бүтэц бүрэлдэхүүний талаар эхлээд товч танилцуулна уу?

-Санхүүгийн зах зээлийн хөрөнгө ба мөнгө гэж хоёр бүрэлдэхүүнээр авч үзэж болно. Богино хугацааны санхүүгийн эх үүсвэрийг мөнгөний зах зээл гэдэг бол хөрөнгийнх нь урт хугацааны зуучлалаар дамжуулан эх үүсвэр бий болгохыг хэлж байгаа юм. Хөрөнгийн зах зээл нь эдийн засгийн өсөлтийг хангахад томоохон үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын өнөөгийн нөхцөлд мөнгөний зах зээлд банкууд давамгайлж байна. Тиймээс урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо буюу хөрөнгийн зах зээлийг түлхүү хөгжүүлэх шаардлагатай байгаа.

-Олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан иргэн, аж ахуйн нэгжээс хувьцаа, зээлийн хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагаанд танай хороо ямар үүрэг чиглэлтэй оролцдог юм бэ?

-2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш олон улсын болон бүс нутгийн зах зээлд санхүүгийн шинэ технологид түшиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон. Энэ нь цахим сүлжээгээр дамжуулан гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгжээс хөрөнгө, санхүүжилт татах арга хэлбэр юм. Санхүүгийн ийм бүтээгдэхүүн үйлчилгээ бий болсонтой холбогдуулан Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага зөвлөмж гаргасан байдаг. Санхүүгийн байгууллагаас гадна хоёрдогч тал оролцдог болохоор  тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн зөвлөмж л дөө.  Дээрх үйлчилгээний нэг том хэлбэр нь хамтын санхүүжилтийн үйлчилгээ буюу crowdfunding. Үүнийг санхүүгийн болон санхүүгийн бус гэж хуваадаг. Зохицуулалт шаардлагагүй хандив тусламж ч юм уу ашгийн үйлчилгээ нь санхүүгийн буст орно. Санхүүгийн  гэсэн ангилалд хувьцаа болон зээлийн санхүүжилтийн хэлбэрийг багтаадаг. Үүний  дотор олон нийтийн цахим сүлжээ, тодорхой программ хангамжаар дамжуулан нийтэд тодорхой төсөл, хөтөлбөрийг санал болгож, шаардлагатай хөрөнгөө татаж байгааг хувьцааны санхүүжилтийн хэлбэр гээд байгаа юм. Зээлийнх нь мөн л ялгаагүй төсөл хөтөлбөрөө танилцуулж эх үүсвэр бүрдүүлж байдаг. Онцлог нь, ямарваа хэмжээний зохицуулалтыг шаарддаг нь цаана нь зээлдүүлэгчийн эрх ашиг хөндөгдөж эхэлдэгтэй холбоотой.

- Энэ чиглэлээр танай байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ?

-УИХ-аас 2016 онд батласан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хамтын санхүүжилтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахаар тусгасныг СЗХ хийж гүйцэтгэж байна. Үүнийг баталснаар хууль эрх зүйн орчин бүрдэх бөгөөд хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, элдэв хууль бус үйлдлийг таслан зогсоох, сэргийлэх, программ хангамжийн найдвартай ажиллагааг хангах хувьцаа гаргасан компанийн тухай мэдээллийг ил тод болгох зэрэг давуу тал бий болно. Өмчлөх эрх ч баталгаажна.

-СЗХ зохицуулахаас гадна хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ талаөр хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ шинэ технологи нэвтэрч байгаатай уялдуулж юу хийж байгаа бол?

- Даатгал, үнэт цаас банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олон улсын тухайлсан төв байгууллагад нэгдэн ордог.  Манайх ч энэ байдлаар явж байна. Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (IOSCO)-д нэгдсэн. Тиймээс тухайн байгууллагаас гаргасан журам, зөвлөмжийг биелүүлж ажиллах үүрэгтэй. СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар бид санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Түүнээс гадна хянах ёстой. Зах зээлийн нэр хүнд, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад хяналт шалгалтын зорилго чиглэдэг.

-СЗХ-нд хэчнээн компани бүртгэлтэй байдаг юм бэ?

-2017 оны эхний улирлын байдлаар СЗХ-нд  302 хувьцаат компани бүртгэлтэй байгаа. Тэд ихэвчлэн өмч хувьчлалын арга хэрэгслээр үүссэн байдаг. Энэ тохиолдолд өмч хөрөнгө нь үрэгдэж төлбөр, үйл ажиллагааны чадваргүй болох, тухайн компанийн хувьцаа цөөн тооны хүний гарт төвлөрөх явдал гардаг. Үүнд СЗХ анхаарал хандуулж буруутай этгээдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, хавьцууаны хэт төвлрөлтэй компаниуд нэмж үнэт цаас гаргахыг санал болгох  зэрэг ажил хийж байна. Хаалттай болохыг хүссэн компанийн үнэлгээг хийх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын тулд бичиг баримтыг нь хянах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа юм.

- Санхүүгийн шинэ технологи гэж та түрүүнд яриандаа дурдсан. Энэ талаар арай дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Энэ нь өмнөх үеий анархи юм уу монополь үйл ажиллагааг зохицуулахаар олон улсын мэргэжлийн байгууллагаас дэвшүүлсэн технологи юм. Тухайн компани нь харилцагч буюу хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчдэд үйл ажлын тайлан, ашиг орлогынхоо талаар нээлттэй , ил тод, үнэн зөв мэдээлэл өгдөг болгох нь энэ шинэ технологийн мөн чанар болно. Зээл болон ногдол ашгийн төлбөр тооцоог банкны системтэй уялдуулан холбохоос гадна тэдний өмчлөх эрхийг баталгаажуулан хамгаалах тодорхой институц ажиллаж эхэлнэ. Сонирхуулахад, санхүүгийн технологи гэдэг энэ бүтээгдэхүүнийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж гаргасан байдаг. Учир нь, энэ хэмжээний бизнес болон үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр амжилтгүй болох эрсдэл мш өндөр байдагтай холбоотой юм. 

Д.Мөнх 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №089