Нэмэгдсэн: 2017-05-10 15:07:00

    Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын гишүүн азийн бүс нутгийн үнэт цаасны зохицуулалт, хяналтын байгууллагуудын хурал Малайз Улсын Куали Лумпур хотноо боллоо.

  Хуралдаанаар хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, зохицуулалт, хил дамнасан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний тэлэлт, санхүүгийн шинэ технологийн хувьсал хөгжил, цогц шинжтэй санхүүгийн орчинд дасан зохицох чиглэлээр хяналтын байгууллагын чадавхыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

  Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд тулгарч буй дээрх асуудлыг зохицуулагч байр сууринаас шийдвэрлэхэд зайлшгүй зохицуулагч байгууллагууд өөрсдийн туршлага мэдээллээ харилцан солилцох, хил дамнасан хяналт, шалгалтыг хамтран хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг цохон тэмдэглэсэн байна.

  Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын дарга Эйшле Олдер /Ashley Alder/ тус хуралдаантай холбоотойгоор хэлсэн үгэндээ Малайз Улсын Куали Лумпур хотноо зохион байгуулагдаж буй уг хуралдаанаар нийт гишүүн байгууллагууд болон ялангуяа азийн бүс нутгийн  хөгжиж буй орнуудын зохицуулагч байгууллагуудад  нэн ач холбогдолтой хуралдаан болсныг онцолсон байна.