Нэмэгдсэн: 2015-03-30 02:21:01

 -Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглана гэдэг нь ямар зөрчил вэ?

Хөрөнгийн зах зээл дээр хориглосон хоёр төрлийн үйл ажиллагаа байдаг. Нэгдүгээрт, дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, хоёрт зах зээлийг урвуулан ашиглах үйлдэл юм.Энэ хоёр үйлдлийг дэлхийн жишгээр хөрөнгийн зах зээлд байж болохгүй гэж үздэг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиараа ч хориотой.Зах зээлийг урвуулан ашиглах зөрчил бол үнэт цаасны ханшийг зохиомлоор тогтоохыг хэлж байгаа юм.Үнэт цаасны үнэ ханш бол эрэлт нийлүүлэлт дээр үндэслэн хөдөлж байх ёстой. Гэтэл хоёр этгээд үгсэн хуйвалдсан эсвэл нэг ашиг сонирхолтой хэсэг хүмүүс хоорондоо хуйвалдаад хувьцааны үнийг өсгөх, буруулах зэрэг үйлдлийг хийдэг. Эдгээрийг тус журмаар нарийвчлан зохицуулсан юм. Мөн зах зээлийг урвуулан ашиглах үйлдлийг өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдог болсон. Энэ бол томоохон зөрчил бөгөөд зах зээлд итгэх итгэлийг бууруулдаг, хөрөнгийн зах зээлд асар их сөрөг нөлөө үзүүлдэг үйлдэл юм. 

-Дотоод  мэдээлэл ашиглах зөрчлийн талаар арай дэлгэрүүлнэ үү?

Компанийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой, эсвэл томоохон гэрээ хэлцлийн мэдээлэл хөрөнгийн зах зээлд ил тод байх ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг тэгш мэдээллээр хангах үүрэгтэй гэсэн үг. Гэтэл тодорхой шийдвэр гаргах төвшний нөхцөлд энэ мэдээллийг ашиглаж, давуу эрх эдлэх боломжтой. Тэр мэдээлэл зах зээл дээр ханшийг өсгөдөг ч байж болно. Үүнийг ашиглаж компанийн эрх бүхий захирлууд хувьцаа ашиглан бусдыг хохироодог.Энэ нь дотоод мэдээлэл ашиглах зөрчил юм. Өмнө нь зах зээлийг урвуулан ашиглах, дотоод мэдээлэл ашиглах зөрчил нийтлэг байсан. Тухайлбал, хоёрхон хүн тодорхой хувьцааны үнийг өсгөдөг унагадаг асуудал бgйх жишээтэй. Ер нь үүнээс өмнө хөрөнгийн зах зээлийг нарийн зохицуулсан журам байгаагүй юм.

-Ийм төрлийн хичнээн зөрчил илэрсэн бэ?

Бид өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлэн хяналт шалгалт хийсэн. Энэ хугацаанд үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулах эрхтэй дөрвөн мэргэжилтний эрхийг түр хугацаагаар хассан. Мөн нэг мэргэжилтний эрхийг бүр мөсөн цуцалсан байгаа. Илэрсэн зөрчил нь үнэ ханшийг зохиомлоор өсгөсөн байсан.

-Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөгжил сайн байсангүй. Иймэрхүү нарийн зохицуулалт байгаагүй нь нөлөөлж байсан уу?

Үүнд нөлөөлсөн олон шалтгаан байгаа л даа. Үнэ ханшийг зохиомлоор өсгөдөг, буулгадаг явдал тодорхой хэмжээнд нөлөөлж байсан гэж үзэж болно. Гэхдээ гол шалтгаан бол зах зээлд бүтээгдэхүүн байхгүй, томоохон худалдан авагчгүй байгаа явдал юм.

-Ер нь давуу эрх эдэлсэн зах зээлийг урвуулан ашиглах зөрчил гаргасан аж ахуй нэгжид ямар арга хэмжээ авдаг вэ?

Ийм зөрчил гаргасан таван брокерт арга хэмжээ авахад маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Өмнө нь хийдэг л байсан. Ингээд л үнэ тогтоодог гэх мэтээр хүлээж авсан. Энэ бол олон улсын стандарт, хуулиараа зөрчил юм. Хамгийн гол нь үнийг зохиомлоор өсгөхөд хэн хохирсон юм бэ гэдэг. Мөн хохирсон хүн байхгүй байхад яагаад зөрчил гэж үздэг юм бэ гэдэг асуудал ярьдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байхгүй гэж үзэж байгаа. Хохирогч байна байхгүй нь огт хамаагүй. Дээрх хоёр үйлдлийг хийсэн байхад л зөрчил гэж үздэг. Учир нь үнэт цаасны зах зээл бол цэвэр итгэлцэл дээр тогтдог. Эрх бүхий хоёр хүн дураараа удирддаг зах зээлд хэн орж ирэх юм бэ. Хэн ч орж ирэхгүй. Мэдээлэл нь ил тод, шударга өрсөлдөөн дээр тогтсон зах зээл рүү хүн мөнгөө оруулна. Хариуцлагын хувьд өндөр торгуультай. Эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн байвал тохирсон арга хэмжээ авна. Мөн 19 сая төгрөгөөр торгох заалттай. Бид өнөөдөр бизнес нь тогтоогүй, чадавхигүй байгаа брокеруудад өндөр тогууль тавихаас  илүү эрхийг түр хасах арга хэмжээ авч байгаа. Харин дээрх үйлдлээ дахин давтсан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах зэргээр хариуцлагыг өндөрсгөнө.    

 

 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин 2015.03.30 Даваа гариг №058 /2243/ Нүүр-5