Нэмэгдсэн: 2016-12-08 15:11:00

Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдийг хөгжүүлэх, зохицуулалтыг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд ямар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар судалж, дүгнэлт зөвлөмж гаргахаар Дэлхийн банк олон улсын зөвлөх, ноён Майкл Кохентэй хамтран ажилласан юм. Тэрээр Монгол Улсын даатгалын салбарын зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар дүгнэлт өгөх юм. Түүнийг буцахын өмнөхөн уулзаж, судалгааны ажлынх нь талаар товч ярилцлаа.

Та Монгол Улсын даатгалын салбарын тогтолцоог тодорхой хэмжээнд судаллаа. Мэргэжлийн хүний нүдээр харахад Монголын даатгалын салбар ямар дүр төрхтэй байна вэ?

Ерөнхийдөө маш их өсөж дэвших боломжтой нь харагдаж байна. Одоогоор Монгол Улсад амьдралын даатгалын нэг компани байна. Энэ компанийг, амьдралын даатгалыг дэмжиж ажиллах нь зүйтэй. Яагаад гэвэл санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ярихад амьдралын даатгалын асуудал зайлшгүй хөндөгдөж ирдэг. Ердийн даатгалын үйлчилгээний хөгжил бас их сайн байна. Үүн дотроо компаниудын хамгийн их анхаарал хандуулж, хөгжүүлж байгаа бүтээгдэхүүн нь албан журмын даатгалын бүтээгдэхүүнүүд байна. Эдгээр бүтээгдэхүүнээ цааш улам хөгжүүлэхийн зэрэгцээ энэ төрлийн үйлчилгээг олон салбар руу оруулж хөгжүүлэх боломж байгаа гэж харагдлаа.

Сүүлийн үед арилжааны банкууд даатгалын салбар руу орж ирж, зуучлалын үйл ажиллагаа эрхлэх нь нэлээд ихэсч байна л даа? Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

Банк, даатгалын компаниудын үйл ажиллагаа, эрхэлдэг ажил нь өөр өөр шүү дээ. Ердийн даатгалын үйл ажиллагаа болохоор тэнд гал гарлаа, энд осол боллоо гэх мэтээр үүссэн хор холбогдлыг шийдвэрлэх талаар ажилладаг бол банк болохоор хадгаламж, зээл гэх мэт санхүүгийн бүтээгдэхүүн гаргаж үйлчилдэг. Даатгалын зуучлагчид бол салбарын чухал хүмүүс. Зах зээл хөгжөөд, даатгалын салбар бэхжээд ирэхээр банкны энэ салбарт явуулж байгаа үйл ажиллагаа хумигдаж магадгүй.

Хүртээмж өргөнтэй бүтээгдэхүүн гаргах талаар олон улсын даатгалын салбарт ямар чиг хандлага байна вэ? Хүн амын, иргэдийн хамрагдалт сайтай ямар ямар шинэ бүтээгдэхүүн гаргаж болох талаар зөвлөхгүй юү?

Даатгалын ирээдүйн хандлага юу вэ гэхээр, мобайл мөнгийг ашиглах явдал гэж болно. Үйлчилгээнд технологийг сайтар ашигласнаар зардал ихээхэн буурдаг. Миний энэ удаагийн Монголд хийж байгаа судалгааны ажлын зорилго бол Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлох явдал юм. Тиймээс бүтээгдэхүүний талаар одоохондоо нарийвчилсан судалгаа алга байна.

Даатгалын компанийн засаглалын асуудлыг олон улсад тун чухлаар тавьдаг. Манай компаниудын засаглал ямар байна вэ?

Аль нэг компанийг нэр дурдан тийм байна, ийм байна гэж ярих боломжгүй. Учир нь миний ажлын даалгавар, зорилго өөр шүү дээ. Санхүүгийн зохицуулах хороо, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлэх төслийн үр дүн нь компанийн засаглалын ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ даатгалын компаниудын засаглалыг сайжруулахтай холбоотой эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийхэд дэмжлэг үзүүлнэ.

Манай даатгалын компаниуд гадаадын давхар даатгалын компаниудаар үйлчлүүлж, эрсдэлээ хуваалцаж байна. Багагүй хөрөнгө гадагш урсаж, нөхөн төлбөрөөр буцаан авч байгаа нь харьцангуй бага байгаа юм. Үүнийг хэрхэн засаж, сайжруулж болох вэ?

Давхар даатгалын чиглэлээр Монгол Улсын дотоодын компани үйл ажиллагаа явуулж эхэлснийг сонсоход таатай байна. Уул уурхайн гэх мэт томоохон төслүүдийн даатгалын үйлчилгээний хүрээнд гадагшаа их мөнгө явахаар харагдаж байгаа. Мэдээж, хангалттай эрсдэл даах чадвартай болтлоо гадаадын давхар даатгалын компанид эрсдэлээ даатгуулаад явах байх л даа. Гэхдээ дотоодын компаниуд тэрхүү эрсдэлийн тодорхой хувийг ч юм уу, хэсгийг нь үүрээд, түүн дээрээ үндэслэн цаашаа чадавхжаад явах боломжтой. Ер нь, жижиг зах зээлтэй, мөн давхар даатгал бүрэн хөгжөөгүй байгаа нь гадаадын давхар даатгалд эрсдлээ шилжүүлэх нь зайлшгүй тохиолдол юм. Ийм байдлыг багасгахын тулд давхар даатгалын хураамжийг аль болох дотооддоо авч үлдэх орчныг бий болгож сайжруулах шаардлагатай. Хэдийгээр давхар даатгалын хураамжийн тодорхой хэсэг гадагшаа чиглэж байгаа ч даатгалын нэхэмжлэл ирсэн тохиолдолд мөнгө буцаж орж ирнэ. Үүн дээр зохицуулалтын шаардлагууд хэрэгтэй болох байх. Дотоод компаниуд, гадаадынхтайгаа ярилцаж байгаад үүрэг, хариуцлагаа хуваалцах боломжтой.

Өнөөдрийн байдлаар манай даатгалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт тун бага байна. Гадаадын даатгагчид манай даатгалын зах зээлд орж ирж ажиллах боломж ямар байна вэ?

Гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл маш сайн. Хүний нөөцийн чадавх, даатгалын зах зээлийн мэдлэг ч нэмэгдэнэ, үйл ажиллагааны арга технологи ч сайжирна. Техник технологи болон мөнгө хөрөнгөнөөс илүүтэйгээр мэдлэг, туршлага солилцох нь хөрөнгө оруулалтыг татах бас нэгэн хөшүүрэг болно.

Та Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтыг сайжруулах арга замыг тодорхойлж байгаа гэж ярилаа.  Хорооны зохицуулалтад ямар сул тал байна вэ? Юу хийх шаардлагатай вэ?

Энэ талаар олон зүйл дурдаж болно. Хамгийн гол нь хүн хүчний чадавхижсан байдал, байгууллагын тогтвортой байдал чухал гэж харж байна. Даатгалын хянан шалгагчдын Олон улсын холбоо (IAIS)-ноос мөрдүүлж буй үндсэн 26 зарчмын нэг нь зохицуулагч байгууллагын улс төрийн оролцоогүй, бие даасан байдал юм. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос олон улсын стандартад нийцэх талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад талархаж байна. Үүнд бид тусална.