Нэмэгдсэн: 2016-10-20 18:19:00

Аравдугаар сарын эхээр АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банк болон ОУВС-гийн жилийн ээлжит уулзалт болсон билээ. Уг уулзалтад Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд оролцоод ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгээс тус жилийн уулзалтаар яригдсан асуудлын талаар тодрууллаа.

-Энэ жилийн Дэлхийн банк болон ОУВС-гийн уулзалтаар ямар, ямар гол асуудлыг ярилцсан бэ. Ер нь энэ жилийн уулзалтын гол онцлог юу байв?

-ОУВС, Дэлхийн банкны жил тутам болдог уузалтад Монголоос Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нараас бүрдсэнөргөн бүрэлдэхүүнтэй баг оролцоод ирсэн. Энэ жилийн уулзалтадДэлхийн худалдааны байгууллага нэгдэж оролцов. Дэлхийн улс орнуудын санхүүгийн болонтөрийн байгууллагын удирдлагууд оролцож, ирэх жилүүдэд дэлхийн хэмжээнд болон бүс нутгуудын макро эдийн засгийн төлөв байдал ямар байх вэ гэдгийг ярилцсан. Энэ үеэр Дэлхийн банк болон ОУВС-гаас улс орнуудын эдийн засгийнбайдлын таамаглал, судалгаагаа танилцуулсан. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал хаашаа чиглэж байгааг, технологийн дэвшлийг санхүүгийн зах зээлд түлхүү нэвтрүүлэх, бодлогын нөлөөллийг судлах, санхүүгийн зах зээл дээр ямар шинэ бүтээгдэхүүнийг гаргах, бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг асуудлыг ярилцсан.

-Чуулга уулзалтын үеэр Дэлхийн банк болон ОУВС-гийн удирдлагуудтай уулзаж, Монголын эдийн засгийн байдлаа танилцуулсан талаар мэдээлэл гарсан. Олон улсын байгууллагууд манайд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн үү?

-Монгол Улсад макро эдийн засгийн үндсэн гол үзүүлэлтүүд болох төлбөрийн тэнцэл тааруу, төсвийн алдагдал, гадаад өр ихтэй, эдийн засаг, санхүүгийн хүндрэл нүүрлээд байна. Ажилгүйдлийн түвшин бага байгаа ч сүүлийн нэг жилийн дотор ажилгүйдэл маш хурдтай өсч байна. Ажил хийх сонирхолтой хүний тоо буураагүй ч ажлын байрны олдоц муу байна. Мөн иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа нь өрхийн орлого саарч байгаатай холбоотой юм. Энэ хэвээрээ үргэлжилсээр байвал макро эдийн засгийн байдал улам тэнцвэргүй болж, бүр л хүндэрнэ. Нөхцөл байдал амаргүй байгаа нь ОУВС, Дэлхийн банкны болон бусад бүс нутгийн банк санхүүгийн байгууллагын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд өнөөдөр танилцуулах шатандаа явж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах тухай их ярьж байна. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-“Стэнд бай” хөтөлбөрийн хувьд үндсэн гол үзүүлэлт нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, үнэ, валютын ханшийг тогтворжуулах, үндэсний тооцооны системийг сайжруулах, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах явдал юм. Манай эдийн засагт эдгээр нөхцлүүдэд дарамт үүссэн байдал бүхэлдээ ажиглагдаж байгаа. Дээр нь манай улсын хувьд гадаад өр, зээлийн асуудал нэлээд хүнд байна. Та бүхэн мэдэж байгаа байх, ОУВС-гийн техникийн баг ирэх долоо хоногт манай улсад ажиллана. Эцсийн бүлэгт “Стэнд бай” хөтөлбөрт орох уу, үгүй юү, орвол ямар нөхцөлөөр, хэр хугацаанд гэдгийг Засгийн газар шийднэ.

-Дэлхийн банк болон ОУВС-гаас ирэх жилүүдэд бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгааг танилцуулсан гэж та ярилаа. Манай улсын эдийн засагт ямархуу таамаг хийсэн байна бэ?

-ОУВС болон Дэлхийн банкнаас манай улсын ирэх жилүүдийн эдийн засгийг харьцангуй эерэгээр таамагласан. Тухайлбал, ОУВС манай улсын эдийн засгийг энэ онд 0.7 хувиар өснө гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард таамаглаж байснаа долдугаар сард гаргасан таамаглалдаа оны эцэст Монголын эдийн засаг 2.7 хувиар, ирэх онд 4.2 хувиар өснө гэж таамагласан. Дэлхийн банк болохоор манай эдийн засгийн өсөлтийг энэ онд 0.6 хувь, 2017 онд 3.8 хувь байна гэсэн. Өөрөөр хэлбэл, оны эцсээс эдийн засагт эерэг байдал ажиглагдана гэж дүгнэсэн. Ингэж дүгнэх болсон цаад шалтгаан нь Хятадын эдийн засагтай холбоотой. Хятад улс бүтцийн өөрчлөлтийн асуудлаа зохистой төвшинд хийж байгаа бөгөөд ОУВС Хятадын эдийн засаг энэ онд 6.3 хувиар өснө гэсэн таамаглалаа өөрчилж 6.6 хувь болгосон. Манай эдийн засгийн өсөлтөд урд, хойд хөршийн эдийн засаг хүчтэй нөлөөлж байдагтай холбоотой юм.

-Айлчлал зохицуулагч байгууллагын хувьд СЗХ-ны харилцаа, хамтын ажиллагаанд ямар үр дүн өгнө гэж дүгнэж байгаа вэ?

-Дэлхийн банк, ОУВС болон Олон улсын санхүүгийн корпораци, Олон Улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /The Alliance for Financial Inclusion/-ийн удирдлагууд, бүс нутгийн захирлуудтай уулзаж, ирэх жилүүдэд хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Эхний санхүүжилтүүд нааштайгаар шийдэгдэхээр болсонд баяртай байгаа. Даатгалын, хөрөнгийн, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлүүдийг идэвхжүүлэх, хамгийн гол нь олон нийтийн оролцоог дэмжих, иргэдийн эдгээр зах зээлээс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр урьд өмнөх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, үүний хүрээнд Хорооны чадавхийг өндөржүүлэх, хүний нөөцийн болон мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, Хорооны албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтуудад хамруулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсон. Гол нь харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид шат ахиулсан байдлаар үргэлжлүүлэх, Монгол улсын санхүүгийн салбарын бүтцийг сайжруулах, олон тулгуурт болгох талаар тэдэнтэй түлхүү санал солилцож, техникийн туслалцаа, буцалтгүй тусламж авах асуудлыг ярилцлаа.

Э.Мөнхцэцэг 

Эх сурвалж: www.itoim.mn