Нэмэгдсэн: 2016-07-21 09:00:00

Санхүүгийн зах зээлийн 2016 I улирлын тоймыг энд дарж үзнэ үү!
Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгч салбарын оролцогчид, их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаач, оюутнуудад зориулан үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарын тоймыг Хорооноос улирал тутам бэлтгэн гаргадаг бөгөөд 2016 оны I улирлын тойм хэвлэгдэн гарлаа.

2016 оны I улирлын тоймын нэгээс гуравдугаар бүлгээр олон улсын болон бүс нутгийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, 2008 оны дэлхийн санхүүгийн зах зээлийн хямралаас хойших хугацаанд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй зохицуулалт, хяналтын шинэчлэлийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэлгэрэнгүй оруулав.  

Дөрөв, тавдугаар бүлгээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийн болон үйл ажиллагаа, дэд бүтцийн үзүүлэлтүүдийн нөхцөл, байдал өмнөх оны мөн үеийн дүнтэй харьцуулсан харьцуулалтыг авч үзэн, сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хурдацтай нэвтэрч буй санхүүгийн шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний хэлбэр болох хувьцаа, зээллэгийн хамтын санхүүжилт /crowd funding/-ийн онцлог, давуу болон сул тал, хөрөнгө оруулагчдад тулгарч болох эрсдэл, өмчлөх эрхийн баталгаажилт, зохицуулалт, хяналтын талаарх судалгааг тусгав.  

Зургаадугаар бүлгээр даатгалын салбарын хөгжлийн болон бүтцийн үйл хөдлөлийн үзүүлэлтүүд, долоодугаар бүлгээр хөгжиж буй болон хөгжингүй эдийн засагтай орнуудад тулгарч буй даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудалтай холбогдуулан Олон улсын даатгалын зохицуулагч байгууллагуудын холбооноос “Хүртээмжтэй даатгалын зохицуулалт, хяналт”-ын чиглэлээр гаргасан зөвлөмж, судалгааны ажлыг товч байдлаар тусган олон нийт болон даатгалын мэргэжилтнүүд эрдэмтэн, судлаач, оюутнуудад мэдээлэл өгөхийг зорилоо.

Наймдугаар бүлгээр бичил санхүүгийн салбарын үзүүлэлтүүд, сүүлийн бүлгээр үнэт цаас, даатгалын салбар дахь төрийн шууд болон шууд бус зохицуулалтын бодлого, зохицуулагч байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэрэгслүүд, тэдгээрийн уялдаа холбоог хангадаг дамжуулах механизмыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /Financial Stability Board/, Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/, Олон улсын даатгалын зохицуулагч байгууллагуудын холбоо /IAIS/, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /OECD/-аас гаргасан судалгаа, шинжилгээ ажлуудад тулгуурлан өөрийн орны нөхцөл, байдалтай харьцуулан цаашид хэрэгжүүлэх санал, дүгнэлтийн хамт тусгалаа.

Жич: Тус Хорооноос улирал бүр эрхлэн гаргадаг банкнаас бусад санхүүгийн зах зээлийн мэдээллийг www.frc.mn цахим хуудасны http://www.frc.mn/data/tailan холбоосноос татан авч танилцах боломжтой бөгөөд та бүхний саналыг хүлээн авч хамтран ажиллах болно.