Нэмэгдсэн: 2014-11-07 02:16:08

Монгол улсын санхүүгийн зах зээлд эргэлдэж байгаа нийт мөнгөний 96% нь банкны секторт оногдож байна. Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд энэхүү 96% буюу дийлэнхи хэсгийг хамгаалах нь чухал ач холбогдолтой гэсэн зарчмын байр суурийг төрийн бодлогын хэмжээнд баримталж ирсэн. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хуулийн хүрээнд иргэдийн хадгаламж, аж ахуйн бүхий  л байгууллагуудын харилцах, хадгаламжийг хамгаалах үүрэг нь хуулиараа манай байгууллагад оногдсон байдаг. Энэ үүргийн хүрээнд манай байгууллагын хийсэн ажлын үр дүнд банкинд итгэх олон нийтийн итгэлийг өндөр хэвээр хадгалагдан, харилцах хадгаламж үлдэгдэл урьд онууд шиг огцом өсөөгүй ч хуримтлалын өөр өөр хэлбэрүүдээр банкны харилцах, хадгаламж тодорхой хувиар өссөн хэвээрээ байгаа.

-Хуримтлалын олон төрлийн хэлбэр байдаг.  Зах зээлд хуримтлал, хадгаламжийн гол ач холбогдол юу вэ?

-Эдийн засгийн онолын үүднээсээ хуримтлал бол өнөөдрийн хэрэглээг хэмнэн ирээдүйд хэрэглэхээр хуримтлуулж буй хэсэг юм. Хуримтлал бол хүн хүний онцлог, хуримтлалын зорилгоос хамаараад янз бүр байдаг. Зарим нэг иргэд нилээд хуучны аргаар тухайлбал, хатуу хэлбэрээр алт, мөнгөн эдлэл, хөөрөг зэрэг үнэт эдлэл болгон хадгалах сонирхолтой бол зах зээлийн өнөөгийн чиг хандлагаар нэлээд өндөр хүү, үнийн хөдөлгөөнөөр хуримтлалаа хурдан өсгөх нэг хэсэг нь үнэт цаас, хувьцаа худалдан авах зэргээр хуримтлал үүсгэдэг.  Харин эрсдэл багатай, бэлэн мөнгөөр хурдан буцааж хөрвүүлэх боломжтой, тогтвортой хуримтлалыг сонгосон хэсэг нь банкны харилцах хадгаламжийн хэлбэрээр хуримтлалдаг бол ирээдүйн амьдралын баталгаа болгож зарим нь орон сууцны зээл авах замаар хуримтлал бий болгож байна. Манай хуулиар бид нэг банкны нэг харилцагчийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг даатгаж хамгаалсан байгаа.

-Харилцах хадгаламжийн хэмжээ өнгөрсөн онуудад 30-аас илүү хувийн өсөлттэй байдаг байсан энэ онд орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш иргэд үл хөдлөх хөрөнгийн салбарт хуримтлалаа байршуулах болсон. Таны бодлоор эдгээр хөтөлбөрүүдийг үр дүнг юу гэж харж байна вэ?

-Мэдээж хуримтлал бол зорилготой байдаг гэж би түрүүн дурьдсан. Хувь хүн, гэр бүл, өрхийн хувьд өөрийн гэсэн орон сууцтай болохыг нэн тэргүүний зорилго болгосон байдаг. Энэ ч үүднээс үе үеийн Засгийн газрын нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн 8%-ийн хөтөлбөр нь ялангуяа бага дунд орлоготой иргэдэд боломжийн хүүтэй орон сууцтай болох сайхан боломжийн бүрдүүлж байгаа учир мөнгөө банкинд хадгалуулах уу эсвэл орон сууцаа зээлээр аваад хуримтлуулах мөнгөөрөө зээлээ төлөөд явахуу гэдэг сонголт бий болгож байна. Энэ нь мэдээж хадгаламжийн өсөлтөнд бага зэрэг нөлөөлж байгаа хэдий ч нөгөө талаар иргэдийн хувьд маш том хуримтлал бий болгож чадаж байна гэсэн үг.

-Хадгаламжийн Даатгалын Корпораци байгуулагдсанаас хойш арилжааны банкуудаас ямархуу хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлсэн вэ?

 Даатгалын хэлбэрээр банкуудаас авсан хураамжаар нөөц сан бүрдэх ёстой. Нийт банкны системд тохиолдох аливаа эрсдэл, хүндрэлийг даах хэмжээний нөөц сан бүрдэх хүртэл хуулиараа бүх банкууд харилцагчийнхаа өмнөөс даатгалын хураамж төлөх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу өнгөрсөн хугацаанд буюу 2013 онд болон 2014 оны хагас жилийн дүнгээр  нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийн хуримтлалын санг бүрдүүлээд ажиллаж байна. Дээр нь нөөц сангийн эхлэлтийн хөрөнгө болгож Засгийн газар болон Монголбанкнаас тус бүр 50 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.

-Таны бодлоор иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэж байгаа юу? Арилжааны банкуудад энэ нь хэрхэн илэрч байна вэ?

 -2008 оны дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын үед Монгол улсад төдийгүй АНУ, Европын холбоны улсуудад, Азийн бүсэд томоохон банк, санхүүгийн байгууллагууд дампуурч, татан буугдаж байсныг олон хүн санаж байгаа байхаа. Ер нь банк дампуурч, татан буугдахад хамгийн түрүүнд үзэгддэг үзэгдэл бол банкнаас мөнгө зугтах буюу иргэд мөнгөө татах үзэгдэл байдаг. Яг ийм үед хадгаламжийн даатгалын тогтолцоо, хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг чухал шаардлагатай байдаг. Аль нэг банкны дампуурал нь тухайн банкаар зогсохгүй банк, санхүүгийн системийг чирч унагах төдийгүй тухайн улс орны эдийн засаг төдийгүй бүс нутгийн, дэлхийн эдийн засгийг ч доргиох аюултай болохыг өнгөрсөн туршлага харуулсан. Хэрэв энэхүү хүндрэлийг цагт зогсоож чадах хадгаламжийн даатгалын тогтолцоо, найдвартай, тогтвортой ажиллагаа бүхий хадгаламжийн даатгалын корпорацид миний мөнгө даатгадсан аюулгүй гэдгийг иргэд мэдэж байгаа цагт банкнаас мөнгөө зугатах үзгэдэл гарахгүй иргэд олон нийт тайван байж чадна. Ингэснээр иргэдийн банкинд итгэх итгэл ч нэмэгдэж банкууд хэвийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэнэ.

-20 хүртэлх сая төгрөгийг даатгаж байгаа, энэ хэмжээний хадгаламжтай хүмүүсийн тоо хэр их нэмэгдэж байгаа вэ?

 -Ажлын хэсгийн хүрээнд хуулийг төслийг боловсруулах явцад олон улсын стандарт, жишгийг нэлээдгүй судалж, Монголын Улсын онцлог, хөгжлийн чиг хандлага,  хүн амд боломжтой байх талаас нь гээд олон талаас авч үзсэн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэн хэмжээнд, мөн нийт банкаар үйлчлүүлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 99 хувийг хамаруулж чадахаар байгаа тооцоо судалгаанд үндэслэн тогтоосон. Жишээ болгон авч үзвэл 100 харилцагчтай банк байна гэвэл 99 харилцагч нь мөнгөө даатгуулан хамгаалуулсан байна гэсэн үг. Яг 20 сая төгрөг гэж зааж өгөхөөр том хадгаламж жижигрэх магадлалтай. Гэхдээ сүүлийн үеийн банкин дахь хадгаламжийн өөрчлөлт нь валютын ханшны хэлбэлзэл болоод хадгаламжийн хүүнд оногдуулах  татвараас болж өөрчлөгдөж байгаа нь статистикийн тоо мэдээлэл болоод иргэдийн санал асуулгын хариултаас анзаарагдаж байна.

-Монголын Хадгаламжийн даатгалын корпораци нь Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны 2014 оны шилдэг байгууллагаар шалгарсан.  Энэ талаар та дэлгэрэнгүй ярихгүй юу?

 -Олон улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо/IADI/-ны 13 дахь удаагийн Удирдах зөвлөлийн жилийн уулзалт 2014 оны 10-р сарын 22-23 өдрүүдэд Тринидад ба Тобаго улсад зохион байгуулагдлаа. Уг жилийн уулзалтаар  “Санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх  Хадгаламжийн даатгалын системийн шинэчлэгдсэн үндсэн зарчмуудыг бататгах” сэдвийн хүрээнд даатгалын хураамж, санхүүжилт, засаглал зэрэг хэд хэдэн чиглэлээр хадгаламжийн даатгалын стандартыг илүү боловсронгуй болгож, хадгаламжийн даатгагчдын үүрэг, хямралд хэрхэн бэлтгэгдсэн байдлын дэлгэрэнгүй удирдамжийн  үндсэн зарчмуудыг шинэчлэхэд чиглэн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүнээс гадна гурван жилийн хугацаатай холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулж шинэ гишүүдийг томилохын зэрэгцээ, 2014 оны шилдэг Хадгаламжийн даатгалын корпорацийг шалгаруулах  шагнал гардуулах ёслол болсон. Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо/IADI/-ны шагнал гардуулах ёслол нь  2005 оноос эхлэн нийт гишүүн 77 орноос шалгаруулдаг ба Тайвань, Канад, Бразил, АНУ, Түрк, Япон, Малайз, Солонгос улсууд Хадгаламжийн даатгалын системийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ энэхүү оны шилдэг гэсэн нэр хүндтэй шагналыг хүртэж байсан.

Бид Хадгаламж банкийг татан буулгахдаа бүтцийн өөрчлөлт хийж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж, харилцах дансыг бүрэн хамгаалж,  Төрийн банкинд нэгтгэсэн, дээрх гүйлгээтэй холбогдуулан Төрийн банкинд санхүүгийн дэмжлэг болон хөрөнгө оруулалт хэлбэрээр  актив, пассивын зөрүү болох 119,9 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөнд 85 тэрбум төгрөг нийт 204,9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлж санхүүгийн салбарын тогтвортой байдлыг ханган ажилласан үр дүнгээрээ Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооны 2014 оны шилдэг байгууллагаар шалгарсан. Банкыг өөрчлөн байгуулах, нөхөн төлбөр олгоход гаргасан үр дүнг олон улсын нэр хүнд бүхий экспертийн баг 6 үндсэн шалгуураар үнэлдэг журамтай юм билээ. Үүнд хуулийн хүрээнд хадгаламжийн даатгалын байгууллага цаг хугацаанд нь банкны дампуурлыг шийдвэрлэсэн байх, банкыг өөрчлөн байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, нийгэмд үзүүлсэн үр нөлөө, шийдвэрлэх механизм, дампуурсан банкны өөрийн хөрөнгийг зөв зохистой хэрхэн шийдвэрлэсэн, санхүүгийн тогтвортой байдлын ханган ажиллагч бусад байгууллагатай хэрхэн хамтран ажилласанаар дүгнэсэн. Шагналын үнэлгээний хороо 6 гишүүнтэй ба Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, өмнөх оны шилдэг байгууллагууд, олон улсын санхүүгийн шилдэг шинжээчдээс бүрдсэн баг ажилласан. Энэхүү шагнал нь Монгол улсыг олон улсын санхүүгийн салбарт таниулахаас гадна хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг улам батжуулна гэдэгт итгэлтэй байна.

-Жил бүрийн 10-р сарын 31-нд Дэлхийн хуримтлалын өдөр болдог. Энэ жил Хадгаламжийн даатгалын корпораци санаачлан Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран Өнөөдрөөс хуримтлуулцгаая уриан дор анх удаа нэгдсэн “Санхүүгийн нэгдсэн өдөрлөг” болж өнгөрлөө. Энэ өдөрлөгийн хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ?

-Дэлхийн Хадгаламжийн банкуудын холбооны анхны уулзалт (World Savings Banks Institute) 1924 оны 10 сард Милан хотод болсон бөгөөд хуримтлалын ашиг тусыг ойлгосон дэлхийн олон орны төлөөлөгчид энэ өдрөөс эхлэн жил бүр хадгаламжийн өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна. Жилийн дараа буюу 1925 оны 10 дугаар сарын 31-нд анхны “Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг Европын хадгаламжийн банк тэмдэглэсэн ба өдгөө  дэлхийн олон оронд хадгаламжийн ашиг тусыг иргэдэд ойлгуулах ажил өрнөдөг болсон байна. Мөн дэлхийн Хадгаламжийн банкуудын холбоо 1928 онд “Хадгаламж нь хувь хүний амьдрал, аливаа улс үндэстэн, хүн төрөлхтний хөгжлийн явцад ач тустай зүйл” болохыг тунхаглажээ.

Дэлхий нийтээрээ мөнгөө гудсан доороо хадгалснаас банкинд хадгалах нь дээр гэдэг санааг хүмүүст ойлгуулах нь энэхүү өдрийн хамгийн гол ач холбогдол юм. Бид энэ өдөр хуримтлалын ач холбогдол, эдийн засагт оруулж буй үр өгөөж, давуу талыг олон нийтэд дэлгэрэнгүйгээр тайлбарлаж, 10 дугаар сарын 31-ний өдөр банк санхүүгийн байгууллагуудтай хамтран нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж банкуудын зүгээс өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулга хийхийн зэрэгцээ төрөл бүрийн урамшуулал, сонирхолтой бүтээгдэхүүнээр иргэдэд бэлэг барилаа. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд багачуудад хуримтлал хийхийн ашиг тусыг ойлгуулах, мэдрүүлэх үүднээс амьдралын бололцоо муутай, өнчин, хагас өнчин хэдий ч онц сайн сурдаг, нийгмийн идэвхтэй, тэргүүний 20 хүүхдийг Улаанбаатар хотын бүх дүүрэгийг хамруулан шалгаруулж, хуримтлал хийх эхлэл болгон 50 мянган төгрөгийн эрхийн бичгийг өдөрлөгийн үеэр гардуулж өгсөн.  

Эх сурвалж: www.news.mn

Ярилцсан З.ЭНХБОЛОР