Нэмэгдсэн: 2016-03-18 16:43:00

 

 

 

“Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн инноваци”-ийн талаарх сургалт семнар амжилттай боллоо. Энэ нь, Санхүүгийн зохицуулах хороонд хэрэгжиж буй Япон улсын Олон Улсын хамтын ажиллагааны агентлагын “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд өнгөрсөн оны зургадугаар сард зохион байгуулсан “Хувьцааг олон нийтэд санал болгох болон давхар бүртгэл” сэдэвт чуулга уулзалтын үргэлжлэл юм. 

Арга хэмжээг нээж Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Э.Батболд хэлсэн үгэндээ “Өмнөх чуулга уулзалтыг зохион байгуулсанаас хойш жил хүрэхгүй хугацаа өнгөрсөн хэдий ч Хорооны зүгээс үнэт цаас гаргагчдыг бодлогоор дэмжих чиглэлээр татварын хөнгөлөлт үзүүлэх, санхүүгийн болон санхүүгийн бус мэдээ, тайлагналын ил тод байдлыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаа. Мөн дотоодын зах зээлээс хямд эх үүсвэр бүхий санхүүжилт татах эрх зүйн болон дэд бүтцийн орчинг бүрдүүлээд байна. Тухайлбал, үнэт цаасны бүртгэлийн журмыг шинэчилж, кастодиан банк, хөрөнгө оруулалтын сангууд бий болох үйл явцыг эхлүүлсэн зэрэг нь төслийн үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотойг хэлэхэд таатай байна. Энэ удаагийн сургалтаар оролцогчид хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг олж авснаар, Монгол Улсын урт хугацааны санхүүжилтийн үйл явц чиг хандлагад үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн инноваци” арга хэмжээний хүрээнд олон улсын зах зээлд хэрэгжүүлсэн ба хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөрөнгө оруулалттай холбоотой харилцаа болон компанийн засаглалын шинэчлэл сэдвээр нэр хүнд бүхий гадны судлаачид илтгэл тавилаа.  Мөн ЖАЙКА-ийн төслийн баг, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, мэргэжлийн холбоо, зах зээлд оролцогчид Зохицуулалт ба зах зээлийн хөгжил, Идэвхжүүлэгч шинэ бүтээгдэхүүн, Мэргэжлийн холбоодын чиг хандлага, Хөрөнгө оруулалтын банкны шинэ бизнесийн боломжууд, хувийн сектор дахь шинэ боломжуудын талаар санал солилцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.