Нэмэгдсэн: 2014-12-09 06:15:52

 

- Манай улс өнгөрсөн оны зургаадугаар сараас найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэн. Монголын ипотекийн корпораци зээлийн хичнээн хувийг үнэт цаасжуулаад байгаа вэ?
                - Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хүрээнд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг 2013 оны зургаадугаар сарын 14-нөөс олгож эхэлсэн. Өмнө нь өндөр хүүтэй авсан орон сууцны зээлийг ч мөн найман хувь руу шилжүүлсэн байгаа.  Өнөөдөр арилжааны банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2.7 их наяд төгрөгт хүрээд байгаагаас 1.9 их наяд төгрөг нь найман хувийн хүүтэй зээл гэсэн мэдээлэл байна. Үүнийг дотор нь задлаад үзвэл 1.4 их наяд төгрөг нь шинээр олгосон найман хувийн хүүтэй зээл бол, 500 гаруй тэрбум төгрөг нь дахин санхүүжүүлсэн зээл байгаа юм. Найман хувийн хүүтэй зээл ийнхүү 1.9 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаагийн тал орчим хувийг үнэт цаасжуулсан гэж ойлгож болно.

                -Монголын ипотекийн корпораци үнэт цаас гаргах бүртээ тусгай зориулалтын компани байгуулдаг. Анхны тусгай зориулалтын компани 323 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж байсан. Сүүлийн компаниуд тус бүр хэдэн төгрөгийн үнэт цаас гаргав?
                - Монголын ипотекийн корпораци /МИК/ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах бүртээ тусгай зориулалтын компани байгуулж байгаа. МИК-АКТИВ-1 тусгай зориулалтын компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 323 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан. МИК-АКТИВ-2 тусгай зориулалтын компанийн тухайд өнгөрсөн долоодугаар сард 222 тэрбум орчим төгрөгийн үнэт цаас гаргасан байгаа. Харин МИК-АКТИВ-3 тусгай зориулалтын компани өнгөрсөн сард 324 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргалаа. Өөрөөр хэлбэл, тусгай зориулалтын компаниуд өнгөрсөн хугацаанд 19 мянган зээлдэгчийн орон сууцны зээлд тулгуурлаж, 880 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаад байна. Арилжааны банкууд орон сууцны зээлээ багцалж, МИК-ийн тусгай зориулалтын компанид шилжүүлж, үүнд тулгуурлаж тусгай зориулалтын компаниуд баталгаат үнэт цаас гаргаж байгаа юм.

                 -Найман хувийн хүүтэй зээлээр баталгаажсан ипотекийн  үнэт цаасны хугацаа болон хүүд өөрчлөлт орсон уу?

                - Ипотекийн үнэт цаас хорин жилийн хугацаатай, хоёр төрөлтэй гарсан. Нийт үнэт цаасны 90 хувь нь давуу эрхтэй бол 10 хувь нь энгийн эрхтэй юм. Давуу эрхтэй үнэт цаасыг төвбанк авсан бол, энгийн эрхтэй үнэт цаасыг арилжааны банкууд авлаа. Өөрөөр хэлбэл, 800 орчим тэрбум төгрөгийн давуу эрхийн үнэт цаасыг төвбанк, 88 тэрбум төгрөгийн энгийн эрхийн үнэт цаасыг арилжааны банкууд авсан. Төв банкны авсан үнэт цаас жилийн 4.5 хувийн хүүтэй бол, арилжааны банкуудын авсан үнэт цаас жилийн 10.5 хувийн хүүтэй.  Төвбанк давуу эрхийн үнэт цаас эзэмшигч учраас үндсэн болон хүүгийн төлбөрөө түрүүлж авах юм. Харин арилжааны банкууд энгийн эрхийн үнэт цаас эзэмшигч учраас төвбанкны дараа үндсэн болон хүүгийн төлбөрөө авна. Тиймээс хүү нь өндөр тогтсон гэж ойлгож болно.

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.