Нэмэгдсэн: 2016-03-10 15:35:00

Санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд болон даатгалын мэргэжлийн оролцогч компаниудын засаглалын зохистой удирдлага хяналтын бүтцийг сайжруулах, үнэлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороо Компанийн засаглалын хөгжлийн төвтэй “Хамтран ажиллах санамж бичиг”   байгууллаа.  

Энэхүү санамж бичиг хэрэгжсэнээр даатгалын компаниудын зохистой удирдлага, хяналтын хэм хэмжээг тогтоох, үнэлэх, санхүүгийн болон санхүүгийн бус тайлагналын олон улсын жишиг, тэргүүн туршлагатай нийцүүлэн тайлагналын тогтолцоо, мэдээллийн ил тод байдал, жилийн үйл ажиллагааны тайлагналын стандартыг сайжруулах чиглэлээр томоохон ахиц гарах юм.

Түүнчлэн, даатгалын компаниудын урт хугацааны тогтвортой хөгжил, зохистой стратеги, удирдлага, хяналтын оновчтой бүтэц бий болох, улмаар даатгуулагч, үйлчилүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдахад тодорхой дэмжлэг болох юм гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.