Нэмэгдсэн: 2014-11-24 01:24:52

Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Цэрэндэжидтэй ярилцлаа. Тэрбээр МУИС-ийг Эдийн засагч, математикч мэргэжлээр төгссөн. Даатгалын хяналтын албаны анхны мэргэжилтэн. Өдгөө 16 дахь жилдээ даатгалын зохицуулалтын байгууллагад ажиллаж байгаа аж. 

-Монгол Улсад даатгалын байгууллага үүсч хөгжөөд 80 жил болж байна. Энэхүү түүхэн хугацаанд даатгалын салбар хэр бэхжиж, төлөвшиж чадсан бэ?

-Даатгалын анхны байгууллага 1934 онд байгуулагдсан бөгөөд 1990-ээд оноос хойш хувийн хэвшлийн компаниуд тус салбарт шинээр орж ирсэн. Зах зээлийн эдийн засагт шилжихтэй зэрэгцэн тус салбарт ч их хэмжээний өөрчлөлтүүд гарсан. Төрийн өмчит компани болох “Монгол даатгал”-ыг албан ёсны даатгалын компани хэлбэрээр төрөөс тусгаарлаж, хуучин суурин дээр нь өөрчлөн байгуулсан. Үүний дараагаар “Монгол даатгал” компаниас салбарлан хөдөө аж ахуйн даатгалын компани болох Түшиг даатгал компани байгуулагдсан бөгөөд 1994 оноос хувийн хэвшлийн хэд хэдэн компани байгуулагдсан түүхтэй.

Зах зээлд шинэ тоглогч компаниуд нэмэгдэх хэрээр өрсөлдөөн бий болж, төрийн зохицуулалтын шаардлага хэрэгцээ нэмэгдсэнээр 1997 онд анхны Даатгалын тухай хууль батлагдсан. Шинэ хуультай холбоотойгоор тухайн үед нийт есөн компани Сангийн сайдын тушаалаар Даатгалын хяналтын албанаас даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болох лиценз авсан байдаг. Эдгээр даатгалын компанийн дүрмийн сан тэр үед 100 сая төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар ердийн даатгалын компанийн хувьд дүрмийн сангийн доод хэмжээ таван тэрбум, урт хугацааны буюу амьдралын даатгалын компанид зургаан тэрбум төгрөгийн дүрмийн сангийн шаардлага тавигдаж байгаа. Давхар даатгалын компанийн дүрмийн сан 15 тэрбум төгрөг байна. Энэ нь тус салбарт тавигдах шаардлага хэрхэн өсөн нэмэгдсэнийг харуулж байна.

 -Энэ салбарт хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ. Тэдний зах зээлийн нөөц боломж ямар түвшинд ирээд байна вэ? 

-Даатгалын салбарт нийт 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг нь урт хугацааны буюу амьдралын даатгалын компани. Бусад нь ердийн даатгалынх. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын зуучлагч 26 компани байна. Даатгалын хохирол үнэлэгч компанийн тоо 19-т хүрсэн. Үүнээс гадна зах зээлийн мэргэжлийн оролцогч болох даатгалын төлөөлөгчөөр 3231 иргэн тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байна. Манайхаас эрх аваад мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 15 актуарч байна.

 

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.