Нэмэгдсэн: 2016-02-08 18:21:00

Хонин жилийн сүүлийн өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүргийг гүйцэтгэгч Э.Батболд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Туулхүү нар харилцан мэдээлэл солилцох гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус гэрээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо нь ШШГЕГ-ын бүртгэл хяналтын системийн нэгдсэн сангаас, ШШГЕГ нь Санхүүгийн зохицуулах хорооны “Зөвшөөрлийн цахим систем”-ээс мэдээлэл авах юм. Ингэснээр төрөөс учруулж буй хүнд суртлыг багасгах, цаг хугацаа хэмнэх гээд олон давуу тал бий боллоо. Гэрээнд гарын үсэг зурах үеэр Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүргийг гүйцэтгэгч Э.Батболд, “СЗХ-нд одоо  тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн 90 гаруй байгууллага байна. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь улсын бүртгэлийн байгууллага, татварын байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гээд олон газраас бичиг авдаг байсан бол мэдээллийг шууд солилцдог болсноор энэ хүндрэл байхгүй боллоо” гэдгийг онцолсон юм.

Харин ШШГЕГ-ын дэд дарга Туулхүү, “Тусгай зөвшөөрөл хүсэгч нь өр төлбөргүй байх нь хамгийн том шалгуур. Та бүхний хувьд зөвшөөрөл өгөхөөсөө өмнө тухайн байгууллага хэр найдвартай вэ гэдэг мэдээллийг давхар харах боломж бүрдэж байгаа юм. Олон байгууллага, хувь хүнд өртэй байснаа гэнэтхэн зөвшөөрөл авахын өмнө өргүй болсон бол найдваргүй байх талтай” гэсэн ба төрийн байгууллагуудаас авах боломжтой мэдээллийг Санхүүгийн чиглэлийн тусгай зөвшөөрөл олгохдоо хувь хүн, хуулийн этгээдээс бус өөрсдөө ороод үздэг болох асуудал дээр Санхүүгийн зохицуулах хороо эрчимтэй ажиллаж байна.