Нэмэгдсэн: 2014-11-24 01:03:30

 Нэгдсэн чуулга уулзалтад 170 гаруй салбарын удирдах ажилтнууд оролцож байгаа бөгөөд тэд төрөөс баримтлах бодлогын талаарх зөвлөмж гаргах юм. Үүнээс гадна өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, цаашдын зах зээлийн боломж, хөгжлийн талаар нэгдсэн шийдэлд хүрэхээр зорьжээ.

СЗХ-ноос “Монгол Улсын санхүүгийн тогтолцооны 2020 он хүртэлх хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” боловсруулж УИХ-д өргөн барьсан. Уг хөтөлбөртэй холбогдуулан УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаад байгаа.

СЗХ-ны хорооны Ажлын албаны дарга Х.Бум-Эрдэнэ “Санхүүгийн салбарын тогтвортой байдалд төр болоод хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй байдаг” хэмээн онцолсон. Тус хорооны зүгээс төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагууддаа буюу мэргэжлийн холбооддоо шилжүүлэх ажлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлж байгаа аж.

Түүх өгүүлэхэд, 1994 онд Үнэт цаасны тухай анхны хууль батлагдсанаар Монгол Улсын үнэт цаасны хороо байгуулагдсан байдаг. Ингэснээр Монгол Улсад хөрөнгийн захын хөгжил түүнийг зохицуулж, хяналт тавих төрийн байгууллага болон түүнд оролцогч мэргэжлийн байгуулагууд байгуулагдсан аж.

Өнөөдрийн байдлаар СЗХ-ны зохицуулалтын хүрээнд хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл болон бичил санхүүгийн зах зээл хамрагдаж байгаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Зээлийн батлан даалтын сан, хөрөнгө оруулалтын сан, кастодиан үйлчилгээ зэрэг  тус тус багтаж буй.

Одоогоор даатгалын салбарт 17 компани ажиллаж байгаа бол бичил санхүүгийн салбарт 362 банк бус санхүүгийн байгууллага, 142 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байна.

 

www.mongolianeconomy.mn