Нэмэгдсэн: 2014-11-24 01:01:00

Зээлжих зэрэглэлийн байгууллага нь хөрөнгө оруулалтыг татаж буй банк болон үнэт цаас, бонд нь хүлээсэн санхүүгийн үүргээ хугацаандаа барагдуулж чадах эсэх магадлалын төсөөллийг хөрөнгө оруулагчдад хамгийн бодитойгоор өгч чадах үйлчилгээ үзүүлдгээрээ санхүүгийн зах зээлийн хамгийн эрэлттэй бөгөөд чухал, үндсэн үйлчилгээг үзүүлэгч нь болдог.

Зэрэглэл нь санхүүгийн зах зээлийн тогтовортой байдал, санхүүгийн зах зээлийн бүх оролцогчдын эрх ашгийг нэг цэгт төвлөрүүлдэг, бүх оролцогчдод хэрэглэх боломжийг олгодог чухал ач холбогдолтой онцлог үйлчилгээ гэдгээрээ тухайн улсын дотоодын зах зээлд төдийгүй олон улсад санхүүгийн зах зээлийн зайлшгүй чухал хэсэг нь болон  хөгжиж ирлээ. Харин өнөөг хүртэл Монгол улсад зээлжих зэрэглэлийн байгууллага үүсч хөгжөөгүй, энэ төрлийн үйлчилгээг авахын тулд зөвхөн олон улсын байгууллагад хандах шаардлагатай явж ирсэн нь нэг талаас санхүүгийн байгууллагуудад асар өндөр зардлаар уг үйлчилгээг авах, нөгөө талаас санхүүгийн зах зээлийн бүхий л салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй хэн бүхэн бодитой мэдээлэл авах боломжоор хангагдахгүй байх, улмаар хөрөнгийн зах зээл болон банк санхүүгийн байгууллагын хөгжил ч урагшлахгүй, хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхгүй байх үндсэн шалтгаануудын нэг болж байна. Түүнчлэн зэрэглэл тогтоох үйлчилгээг цаг алдалгүй эхлэх тусам санхүүгийн зах зээлд оролцогчдын өнгөрсөн болон өнөөгийн санхүүгийн мэдээллийн нэгдсэн сан ч бий болж хөрөнгө оруулагчдад төдийгүй улс орны эдийн засагт ч томоохон түлхэц болох учиртай.

2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуулийн 14.1.3-т “зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох”, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.14-т “санхүүжих чадавхийн зэрэглэл” тогтоох үйл ажиллагааг эрхэлж болохоор зааж Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр анх удаагаа зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээний эрх зүйн орчинг бий болгосон. Мөн Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 97  дугаар тогтоолоор “Зэрэглэл тогтоох этгээдэд  эрх олгох, үйл ажилллагааг бүртгэх журам”, 2013  оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  529 дүгээр тогтоолоор “Санхүүжих чадавхийн зэрэглэл тогтоох үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ыг тус тус баталж, эрх зүйн зохицуулалтыг улам тодорхой болгосон ч өнөөг хүртэл манай санхүүгийн зах зээлд энэ чиглэлийн байгууллагууд үйл ажиллаагаагаа жигдрүүлээгүй байна.

“Зэрэглэл тогтоох этгээдэд  эрх олгох, үйл ажилллагааг бүртгэх журам” батлагдсаны дараа Монголрейтинг сервис ХХК  Санхүүгийн Зохицуулах Хороонд хүсэлт гаргаж, 2010 оны 5 дугаар сард хуулийн этгээдэд зэрэглэл тогтоох  эрх авсан. Тус компани үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа ганцхан Монгол даатгал ХХК-ийн санхүүгийн чадавхийн зэрэглэлийг тогтоосон байдаг нь Зэрэглэл тогтоох үйлчилгээг хангалттай түвшинд нэвтрүүлээгүй, энэ талаарх ойлголтуудыг олон нийтэд төлөвшүүлээгүйн гол шалтгаан болж ирлээ. Иймээс Зэрэглэл тогтоох үйлчилгээг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос онцгой анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж эхлээд байна. Ингэснээр 2010 онд батлагдсан Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, 2013 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг хэрэгжүүлж, Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд ч нэг чухал алхам болно гэж үзэж байгаа юм.

 

www.tsahimurtuu.mn