Нэмэгдсэн: 2015-11-25 09:28:00

СЗХ-ны гишүүн Э.БАТБОЛД:ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХҮРТЭЭМЖ НЭМЭГДСЭНЭЭР ДААТГАЛЫН САЛБАР ЭРЧИМТЭЙ ХӨГЖИХ БҮРЭН БОЛОМЖТОЙ


 

-Хөдөөгийн иргэдийн хувьд малын индексжүүлсэн даатгал чухал бол, хот сууринд 4 хүн тутмын нэг нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж байна-

Энэ оны 11 дүгээр сарын 24-нд Монгол Улсын ЗГ-ын 2014 оны 398-р тогтоолын дагуу Даатгалын өдрийг тэмдэглэж байна. Даатгалын салбарт Санхүүгийн зохицуулах хороо шинээр ямар боломжуудыг нээж өгч байгаа талаар СЗХ-ны гишүүн, тус байгууллагын дэд дарга Э.Батболдтой ярилцлаа.

 

 

-Даатгалын өдрийг манайд анх удаа тэмдэглэх гэж байна. 2015 онд Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгалын салбарт ямар гол шинэчлэлтүүдийг хийв?

-Юуны өмнө Даатгалын салбарын хамт олондоо “Даатгалын өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. СЗХ-ны хувьд хамтын удирдлагатай байгууллага. 7 гишүүн, дарга, 2 орон тооны гишүүнтэй. Асуудлыг хурлаараа хамтран шийддэг. Манай багийн хувьд хамгийн түрүүнд “Төр бүх юманд нь оролцоод заагаад байхаа больж, даатгалын компаниудыг зах зээлд нь бие даалгаж сургах нь чухал юм байна” гэдгийг олж харсан. Тийм ч учраас, Нэгдүгээрт даатгалын зах зээл дээрх төрийн оролцоог багасгаж, хөрөнгө оруулах боломжуудыг нь нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, даатгалын компани болон даатгалын мэргэжлийн оролцогч компаниудаас СЗХ-нд төвлөрүүлдэг зохицуулах үйлчилгээний хураамжийн хувийг бууруулж, дээд ба доод хязгаарыг тогтоож өгсөн. Гуравдугаарт, Монгол Улсын хилээр дамжин өнгөрч байгаа болон түр орж ирж байгаа гадаадын жолооч иргэдийг нэгэн адил жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах болсон. Дөрөвдүгээрт, Даатгалын компанид мөрдөгдөх Нягтлан бодох бүртгэлийн зааврыг НББ-ийн болон санхүүгийн тайлагналын ОУ-ын стандартад нийцүүлэн шинэчилж энэ оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар баталлаа.

-СЗХ-ноос даатгалын салбарт ямар боломжуудыг нээж өгөв?

-Бид эхний ээлжинд даатгалын компаниуд өөрсдийн нөөц хөрөнгөөр санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийх боломжуудыг нь нээж өгсөн. Хуучин бол ББСБ-д итгэлцлээр даатгалын нөөц сангийн хөрөнгийн 5 хүртэл хувийг байршуулахыг зөвшөөрдөг байсныг 20 хувь болгосон. Мөн ЗГ-ын бонд, Хөрөнгийн биржийн хувьцаанаас багахан хэмжээгээр авч болдог байсан бол даатгалын нөөц сангийн хөрөнгөөс хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах боломж нээгдлээ. Хувьцаанд хөрөнгө оруулах хувь хэмжээг нь өсгөж өгсөн. Бонд авах эрхийг нь 100 хувь нээж өглөө. Хөрөнгө оруулалт нь аль болох компаниудад дарамтгүй, ашигтай байхад чиглэгдсэн энэ шийдвэр нь даатгалын компаниудад сул хөрөнгөө ашигтай байлгах боломж олгож байна. Үүнийгээ дагаад манай даатгалын компаниуд мэргэжлийн хөрөнгө оруулагч болж төлөвших эхлэл тавигдаж, улмаар хөрөнгө оруулалтын сангууд шинээр нээгдэх боломжтой юм.

- Хамгийн түгээмэл даатгал бол Жолоочийн хариуцлагын даатгал. Энэ даатгалын гол онцлог юу вэ?

-Даатгалын салбарт хэлбэр гэж байна, тэр нь бүтээгдэхүүн болж задардаг. Бүтээгдэхүүн бол маш олон байгаа. Хэлбэрийн хувьд ердийн даатгал 16, урт хугацааны даатгал 6 байдаг. Жолоочийн хариуцлагын даатгал бол бүтээгдэхүүн юм. Энэ нь хариуцлагын гэдэг хэлбэрт орчихож байгаа. Хөрөнгийн даатгал, амь насны даатгал гэж байгаа. Энэ нь маш олон задардаг. Одоогийн байдлаар манайд хамгийн их даатгуулдаг хэлбэр нь хуультай учраас “хариуцлагын” буюу жолоочийн хариуцлагын даатгал болоод байгаа. СЗХ-ноос шийдвэр гаргаж, манай улсаар дамжин өнгөрч буй болон түр орж ирсэн гадаадын жолооч нарыг ч бас энэ даатгалд хамруулдаг болсноор 2015 оны 3 дугаар улирлын байдлаар 2089 даатгалын гэрээ байгуулагдаж, 510,5 сая төгрөгийн даатгалын хураамжийн орлого төвлөрсөн байна. Жолоочийн хариуцлагын даатгалын гол ач холбогдол нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэдийн амь нас, эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгагчаар барагдуулах тогтолцоо бүрдсэн явдал юм.

- Даатгалын компаниудын СЗХ-нд төвлөрүүлдэг зохицуулах үйлчилгээний хураамжид оруулсан өөрчлөлтийн тухайд, хэд байснаа хэд болж өөрчлөгдсөн юм бэ?

- Тухайлбал, Монгол даатгал зэрэг олон жил болсон компаниуд их өндөр дүнтэй хураамж төлөөд байхад зарим нэг компани маш бага хэмжээгээр төлдөг гэхчлэн асар их зөрүү байсан. Нэг нь 130 сая төлөөд нөгөө нь 5 сая төгрөг төлөөд байх бол шударга биш. Энэ үнийн зөрүүг гаргаж өгсөн. Тэгэхээр дээд тал нь 70 саяас хэтрэхгүй, доод тал нь 5 саяыг төлдөг байя гэсэн шийдвэр гаргасан. Ингэснээрээ санхүүгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын боломж нэмэгдэж, даатгалын компаниуд ч өөрсдийн хөгжилд хөрөнгө оруулах боломж нээгдэж байгаа юм.

- Нягтлан болох бүртгэлийн журмын шинэчлэлт ямар дэвшил авчрах вэ?

- НББ-ийн хуулиндаа Монгол Улс ОУ-ын стандартыг дагаж мөрдөнө гэсэн байдаг. Бодит амьдрал дээр тэр нь буугаагүй. Даатгалын салбар маань өөрөө гаднаас хөрөнгө оруулалт сонирхож байдаг салбар. Тэгээд гадныханд өгөх санхүүгийн тайлангаа өөрсдийнхөө ойлгодог тоо дугаараар гаргах гээд байдаг. Тэгэхээр энэ журмыг шинэчилснээр олон улсын стандартруу, ОУ-ын санхүүгийн хэлрүү дөхөж очиж байгаа хэрэг юм. Стандарт нь мөрийн дугаараас гадна нэршилүүдтэй. Мөрийн дугаараасаа эхлээд өөрчлөгдөж байгаа гэж ойлгож болно.

 

ГАДААДАД БОЛ ДААТГАЛЫН КОМПАНИУД НЬ МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БАЙДАГ

-Санхүүгийн зах зээл гэдгийг энгийнээр тайлбарлавал?

-Санхүүгийн зах зээлийг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банкны зах зээл гэж хуваадаг. Монголд бол банкны зах зээл нь өндөр хөгжсөн байна. Одоо хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлээ яаж хөгжүүлэх вэ, бичил санхүүгээ яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон гол анхаарлаа хандуулж байна.

-Даатгал бол чухал салбар юм байна. Ер нь яагаад даатгуулдаг юм бэ?

-Хүн өөрөө аль ч салбарт байсан тодорхой хэмжээний эрсдэл гаргана. Тэр эрсдэлийг жирийн иргэн байлаа гэхэд энгийн асуудал гээд зохицуулж болно. Гэтэл санхүүгийн ч юм уу нарийн асуудал байлаа гэхэд мэргэжлийн хүнээр өөрийнхөө эрсдэлийг хаацайлуулж байгааг л даатгал гээд байгаа юм. Даатгал нь өөрөө бусдын эрсдэлд менежмент хийж өгдөг, хүн дээр  суурилсан том бизнес. Анх үүссэн түүх нь английн далайчдаас гаралтай. Тэр үед Энэтхэг болон өөр бусад орнуудаас маш их үнэт зүйл авчирч зардаг байсан. Гэтэл усан тээвэр хамгийн эрсдэл өндөртэй. Тэгээд английн далайчид бөөнөөрөө сууж байгаад яриад, дундаа нэг сан байгуулж, үнэхээр 10 онгоцны 2 нь живээд байгаа бол тэр сангаасаа нөхөж өгье гэж шийдээд ажлаа эхэлсэн байдаг. Одоо ч ийм байдлаар явсаар байгаа. Дэлхийд даатгалгүй орон гэж байхгүй. Японд бол даатгал нь банк шигээ 50:50 харьцаатай хөгжсөн. АНУ-д бол 20 хувь. Хамгийн өндөр даатгалтай орон бол Голланд, Франц, тэгээд Дани, Япон юм байна. Казакстан, Монгол Улс хамгийн бага хувьтай байна.

- Манайх хамгийн бага хувьтай байгаагийн шалтгаан юу вэ? Даатгалын тухай мэдлэг нимгэн байна уу?

- Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс юуг олж харсан бэ гэхээр ер нь даатгал, санхүүгийн зах зээл хөгжих хамгийн том боломж нь иргэдийн боловсрол юм байна. Иргэд боловсролгүй буюу санхүүгийн мэдлэг дутуу бол оролцдоггүй юм байна. Иймд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал юм байна гэж үзсэн. Мэдээж энэ байдалд манай уламжлалт сэтгэлгээ тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Монголчуудын нүүдэлчин амьдралын нөхцөлд эрсдэл ихтэй газраас эрсдэл багатай газар луу нүүдэллээд л холдоод явчихдаг байсан. Энэ нь хүмүүсийн хандлагад нөлөөлдөг хүчин зүйл мөн. Гэвч энэ байдал бага багаар өөрчлөгдөж байна. Хөдөөгийн иргэдийн хамгийн чухал даатгалын нэг нь малын индексжүүлсэн даатгал бол, хот сууринд 4 хүн тутмын нэг нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж байна. Ийм олныг хамарсан даатгал нь нөхөн төлөлтийн хувь өндөртэй ч даатгалын бусад төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ “гүүр” болж өгдөг сайн талтай. 

-Даатгалын үйлчилгээ нь хуулийн үйлчилгээ шиг сэтгэгдэл төрүүлж байна. Даатгалын салбарын хамгийн чухал мэргэжил нь юу вэ? Даатгалын компанийг чадавхжуулахад хэрхэн нөлөөлөх вэ?

- Ерөөсөө даатгалын компани бол боловсон хүчин дээр л тулгуурладаг. Андеррайтер, актуарч гэж их олон шалгалт давж байж зэрэг авдаг чухал 2 мэргэжил байдаг. Энэ шалгалтуудыг давж гараад олон улсын зэрэг авчихсан хүн одоогоор Монголд байхгүй ч удахгүй гарч ирэх байх. Тийм хүмүүстэй болоод ирэхээр даатгалын компани бас чадавхжиж илүү сайн ажиллах байх. Жишээ нь олон улсад метро, төмөр замын ажил дээр л зөвлөгөө өгдөг андеррайтер гээд салбараар дагнаж нарийн мэргэшсэн хүмүүс байдаг. Дэлхий дээр цөөн байдаг мэргэжил учир маш өндөр цалинтай. Актуарч нь бол цэвэр математикч хүний хийх ажил. Тооны аргаар тухайн хүнд учирч болох эд хөрөнгийн хохирлын хувийг тооцож гаргаж ирдэг. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүн дээр ийм л хураамж байх юм байна, тэгвэл манайх ашигтай ажиллах юм байна шүү гэдэг нарийн тооцоог хийнэ. Энэ мэргэжил нь олон улсын стандартаар 8 шалгалт өгдөг учир өндөр мэргэшсэн хүмүүс цөөн. Энэ хүмүүс маш өндөр орлоготой байдаг. Иймд компаниудыг чадавхтай болгоё, олон улсад өрсөлдөхүйц болгоё гэвэл боловсон хүчний бодлогод онцгой анхаарах хэрэгтэй.

-Даатгалын зах зээлд төрийн оролцоо өндөр байсан гэдэг нь ямар хэмжээнд вэ? Одоо тэр байдал хэрхэн өөрчлөгдөв?

-Даатгалын салбар хөгжиж байх эхний үед, нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих шилжилтийн үе таарсан учир иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс оролцоо нь их байсан. Өөрөөр хэлбэл даатгалын төрөл, бүтээгдэхүүн бүрийг төрөөс бүртгэн тогтоол гаргаж зөвшөөрөл олгодог байсан юм. Одоо бол бүртгээд л явж байгаа. Энэ онд бид “даатгалын төлөөлөгч зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө хөлс авах” эрх зүйн орчинг бүрдүүлж чадлаа. Одоо Хорооны зүгээс иргэдэд хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг бий болгох ажлыг эхлүүлээд байна. Тэгэхээр бодлогын шийдэл дээр төрийн оролцоо хэрэгтэй хэвээр байгаа.

- Даатгалын компаниуд дээр төвлөрч байгаа орлогыг хэрхэн хянадаг вэ?

-Даатгалын компани дээр цуглараад байгаа мөнгө нь эцсийн дүндээ даатгагчийн өөрийнх нь мөнгө биш. Энэ бол тэр компаниар хэзээ нэг цагт эрсдэл гарах юм бол дааж өгнө шүү гэж өгсөн мөнгө. Тэгэхээр тэр мөнгийг хаана байршуулах вэ гэдэг бол Хорооны хувьд нүдний цөцгий мэт харж байх зүйл. Тэр мөнгөөр зохицуулалттай зах зээл дээр хөрөнгө оруулаач, бага эрсдэлрүү оруулаач гээд байгаа юм. Тэгэхээр хамгийн таатай буюу засгийн газрын бонд  болон энэ жилээс чөлөөтэй болгосон нөгөө 20 хувийг хөрөнгө оруулалтын санд байршуулж болно гэсэн заалтууд маань их чухал. Сан гэдэг маань үнэт цаасны зах зээл дээр оруулж байгаа хөрөнгө. Мэргэжлийн хүн мэргэжлийнхээ ажлаар дамжуулаад эрсдэлийг байршуулж байгаа нэг хэлбэр юм. Энэ нь олон улсын түвшиндээ ч хүлээн зөвшөөрөгддөг. Одоо даатгалын компаниуд маань олширч, бас чадавхжиж байна. Хянах бололцоо ч гарч ирж байна. Бид одоо даатгалын салбар дахь мэргэжлийн холбоодыг сайжруулж, боловсон хүчнийхээ журмуудыг бэлтгэх гээд ажиллаж байгаа. Хуучин бол боловсон хүчнүүдээ бэлтгэх гээд шалгалт авдаг байсан бол одоо холбоон дээрээ өөрсдөө төлөөлөгчтэйгөө сургалтаа хийгээд, манай стандартыг аваад яв гэж байгаа. Цаашдаа тэр зөвшөөрлийг нь холбоонд өгчих юм бол төрийн үүргийг төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж буй ажил болох юм.

-Даатгалын компаниуд өөрсдөө даатгуулдаг уу? Үйл ажиллагааны зарчим нь яаж явагддаг вэ?

- Одоо та бид гурав яг адилхан юм даатгууллаа гэж бодъё. Гурвуулангаас нь хураагаад нэг санд хадгална. Тэр санд нь эрсдэлд нь тааруулаад хадгална гээд тодорхой дүн бариад үлдчихэж байгаа. Тэгээд гэрээ дуусахлаар сангаа чөлөөлөөд үйл ажиллагаандаа хэрэглээд явдаг. Хугацаа нь дууссан гэрээний мөнгө хасагдаад шинэ гэрээнээс орж ирж байгаа мөнгө нэмэгдээд явдаг. Энэ тооцооллыг хийдэг хүнийг актуарч гэдэг. Харин тантай байгуулж байгаа гэрээ хэдэн төгрөгийн эрсдэлтэй гэрээ вэ, энэ ер нь зөв үү буруу юу гэдэг дээр ажиллаж байгаа хүнийг андеррайтер гэж байгаа. Харин энэ гэрээн дээр нь эрсдэл үүсэх магадлал хэдэн хувь байхыг математик тооцооллоор хийж байгаа тэр хүнийг актуарч гэнэ. Тэгээд эрсдэлийг нь зохицуулж байгаа даатгалын компани өөрөө эрсдвэл яах вэ гэдгийг бүр том гадаадын аварга компаниудад даатгадаг.

-Одоо манайд гадаадын компанид даатгалтай хэдэн компани байна?

-Бүгд л ямар нэгэн даатгалтай. Хуулиараа эрсдэлээ даатгуулж байх ёстой. Банктай адилхан даатгал гэдэг чинь итгэлцэл дээр л явж байгаа зах зээл. Одоо манай даатгалын компаниуд чадавхжиж байгаа, давхар даатгал гэдэг зүйлд заавал даатгуулж эрсдэлээс аль болох сэргийлж байгаа.

- Даатгалын салбарын олон улсын жишиг ер нь ямар байдаг вэ? Манай зах зээлийн хэтийн төлөв ямар байх бол.

- Одоо гадаад орнуудад хөрөнгө оруулалтын сангаар дамжиж маш их бүтээн байгуулалт хийгдэж байна. Жишээ нь Норвеги гэдэг улс бол Норвегийн хөрөнгө оруулалтын сангаар, Сингапур ч мөн энэ сангаараа дамжиж хөгжсөн. Монголын хувьд, Санхүүгийн зохицуулах  хорооны зүгээс хөрөнгө оруулалтын санг нь журамлаад өгсөн, байгуулаад эхэлчихлээ. Тэгэхээр даатгалын компани маань хөрөнгө оруулалтын санд ашигтай, эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийгээд, өөрөө бас тэр санг удирдаад менежмент хийгээд явах боломж нээгдсэн. Гадаад орнуудад бол даатгалын компаниуд нь ерөөсөө л мэргэжлийн хөрөнгө оруулагчид байдаг. Зах зээлээ дагаад компаниудынх нь тоо олон, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нь ч их. Иргэд нь санхүүгийн боловсролтой учир амьдралынхаа эрсдэл бүрийг урьдчилан даатгуулж хэвшсэн байдаг. Манай улсын хувьд, даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулдаг хөгжиж буй зах зээл юм. Даатгалын компани тус бүр 5-16 хэлбэрийн даатгалын үйлчилгээг үзүүлж 5-66 нэр төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байна. Иргэдийнхээ санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр төрлийг олшруулаад хүртээмжийг нь нэмэгдүүлэх юм бол даатгалын зах зээл өргөжин тэлж, компаниуд нь өсөн дэвжих бүрэн боломжтой.