Нэмэгдсэн: 2014-11-24 00:54:02

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тухайн компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээлэл, дүгнэлтийг хэлэлцэж баталдаг учир хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийхаа үйл ажиллагааны болон санхүүгийн байдал, үр ашгийн тухай мэдээлэл авах, мөн түүнчлэн компанийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагатай нүүр тулан уулзаж асуулт асууж хариулт авах замаар хувьцаа эзэмшигчийн нийтлэг эрхээ хэрэгжүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь санал өгөх эрхээ хэрэгжүүлэх, мэдээлэл авах боломжийг олгодог билээ.

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дээрх журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасны дагуу нээлттэй хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

 

Өнөөдрийн байдлаар үнэт цаасны арилжааг нь зогсоосон 98 ХК-иудаас гадна хавсралтад дурдсан дараах 27 хувьцаат компанийн удирдлага хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн  хурлын материал, шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээгүй байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хороо эдгээр хувьцаат компаниудыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулаагүй гэж үзэн Компанийн тухай хуулийн 59.5-д зааснаар дээрх нэр бүхий 27 ХК-ийн ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг үүгээр мэдээлж байна.

Компанийн тухай хуулийн 59.6-д зааснаар дээрх компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус компаниудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдэд үүгээр анхааруулж байна.

 

www.new.mn

 

 

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулаагүй ХК-иудын жагсаалт