Нэмэгдсэн: 2015-11-17 10:07:00

-Эдийн засгийн өсөлтийг дэмждэг хөшүүрэг нь санхүүгийн зах зээл-

Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяатай шинэ тутам хөгжиж буй зах зээлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, тулгамдаж буй асуудал, чиг хандлагын хүрээнд дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ. Санхүүгийн зах зээлийн бүтцийг тэнцвэртэй, зохистой түвшинд хөгжүүлэх шаардлагатай хэмээн тэрбээр үзэж байна.

-Хөрөнгийн биржийн арилжааны индекс түүхэн доод түвшиндээ ирээд байна. Зохицуулах байгууллагын зүгээс энэхүү байдалд хэрхэн хандаж байгаа вэ?

-Манай хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй хувьцаат компаниудын арилжааны идэвх сул хэвээр байна. Арилжаанд идэвхтэй оролцож байгаа компанийн хувьцаа нийт хувьцааны хоёр хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь хөгжиж буй зах зээлийн хувьд доогуур үзүүлэлт. Үүнийг сайжруулахын тулд бүртгэлтэй компанийн бүтээгдэхүүнийг сайжруулах, засаглалын шинэ түвшинд гаргах шаардлагатай байгаа нь харагдаж байна. Энэ хүрээнд бүртгэлтэй компаниудыг цэгцлэх, тооноос чанарт шилжүүлэх ажлыг хийж хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан. Хувьцаат компаниудын хувьд эхний ээлжинд үйл ажиллагааны мэдээллээ ил тод, нээлттэй болгох ёстой. Ингэснээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, итгэлцэл үүснэ. Түүнээс нээлттэй хувьцаат компани мөртлөө хаалттай юм шиг ажиллах нь зах зээлийн зарчимд нийцэхгүй. Энэ нь зах зээлдээ ч сөрөг нөлөө ихтэй.

-Хувьцаат компаниудын тайлагнал хангалтгүй түвшинд байгааг Компанийн засаглалын хөгжлийн төвөөс мэдэгдсэн. Хорооны зүгээс санхүүгийн болон санхүүгийн бус тайлагналд хэрхэн анхаарал хандуулж ирсэн бэ?

-Тайлан мэдээгээ олон улсын стандартын дагуу тайлагнах аргад зарим компани шинэ тутам суралцаж байна. Тайлангийн жишиг загвар гэж тогтоосон. Үүний хүрээнд компаниуд мэдээллээ нэгтгэж Хороонд ирүүлж байна. Бидний хувьд компаниудаа сургах шаардлагатай болсон. Ингэснээр нэгдсэн ойлголттой болж, зарчмын хувьд нэг гараанаас хөдөлж байна. Зах зээлийн шаардлагад компанийн засаглалаа нийцүүлэх, олон улсын стандартын дагуу нээлттэй тайлагнах нь эргээд тухайн аж ахуйн нэгжийн ирээдүйд томоохон хувь нэмэртэйг ойлгох нь чухал. Тиймээс Хорооны зүгээс дээрх ажилд анхаарч байгаа.

-Хөрөнгө оруулалт татахад тухайн компанийн мэдээлэл ил тод, үнэн зөв байх нь эхний хэрэг. Гэвч өнгөрсөн хугацаанд компаниуд өөрсдийн дотоод мэдээллээ хэтэрхий нууцалж ирсэн байдаг. Энэ нь компанийн засаглал хэр хэмжээнд хөгжиж байгааг итгэх үзүүлэлт. Үүнийг хэрхэн задалж, сэтгэлгээнд дэвшил гаргах вэ?

-Тухайн жилийн ашигт ажиллагаа, татварын хувь хэмжээ, ногдол ашгаас гадна компанийн ирээдүйн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл, үйл явдлыг дор бүр нь мэдээлж байвал зохистой. Харамсалтай нь манай хувьцаат компаниудын хувьд уг асуудал дээр маш хойрго хандаж ирсэн. Компаниудад мэдээллээ бусадтай буюу хувьцаа эзэмшигчтэйгээ хуваалцах, олон нийтэд хүргэх дадал тааруу. Үүнийг суулгаж байж л арилжаа идэвхжиж, хөрөнгийн зах зээл хөгжих орчин бий болно. Мэдээлэл хаалттай байхын хэрээр зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын хандлага эргэдэг. Эдгээр байдлаас шалтгаалаад жинхэнэ хөрөнгө оруулагчдаа хамгаалах үйлдэл рүүгээ хараахан хүрч чадахгүй байна.

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдсөн хэвээр. Тэдний эрх ашгийг хамгаалах байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо гэж ойлгож байгаа.

-Миний хувьд ажил хүлээн аваад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Хорооны дотоод зохион байгуулалтад зарим нэг бүтцийн өөрчлөлт хийсэн. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигч болон бусад зах зээлтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгжийн гомдол, маргааныг хүлээж авах үүднээс Харилцагчдын эрх ашгийг хамгаалах хэлтэс байгуулсан. Үйл ажиллагааны чиглэл нь маш тодорхой бөгөөд гомдлууд эхнээсээ шийдэгдэж байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нь Хорооны үндсэн гурван үүргийн нэг. Ирж буй гомдолд дүгнэлт хийж үзэхэд манай зах зээлд хаана ямар зөрчил байгаа нь шууд харагдаж байна. Энэ нь дараа дараагийн шийдвэр гаргахад маш хялбар болгож өгч байгаа юм. Санхүүгийн зах зээлд гарч буй гомдол маргааныг богино хугацаанд эцэслэн шийдвэрлэх асуудал хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан.

-Монголын хөрөнгийн биржид нийт 237 хувьцаат компани бүртгэлтэй байгаа гэсэн статистик үзүүлэлт бий. Эдгээр компанийн хэд нь өнөөдөр жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг түгээж байна вэ?

-Ногдол ашиг хуваарилсан компанийн тоо гарын арван хуруунд л багтаж байна. Үнэхээр чамламаар тоо.

-Үнэт цаас, төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн нэрийн дансанд дээрх жижиг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг өнгөрсөн хугацаанд хуримтлуулж ирсэн. Энэ нь нийт 11 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн өмнөх удирдлага хэлж байсан. Гэтэл Төлбөр тооцооны төвөөс хоёр тэрбум төгрөг л байгаа гэсэн зөрүүтэй мэдээлэл гарсан удаатай.

-Хувьцаатай мөртлөө түүнийгээ мэддэггүй, эсвэл хойноос нь эрэл сурал хийгээгүй орхисон жижиг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг өнгөрсөн хугацаанд хуримтлал үүсгэж 2.2 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс гадна зах зээлийн нааштай байдлыг харзнаж хүлээсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын 9.7 тэрбум төгрөг тус байгууллагын дансанд байршиж байна. Тухайн жижиг хувьцаа эзэмшигчийн нэр дээр харилцах данс үүсгэх гэхээр өртөг зардал өндөр, мэдээллийн нэгдсэн бааз суурь муутайгаас болж ногдол ашгийг тараах боломж хязгаарлагдаж байгаа юм.

-Ийм нөхцөлд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Жишээлбэл, 100 төгрөгийн ногдол ашиг авахын тулд 1000 төгрөгийн хураамж төлөх шаардлагатай болж байна. Тиймээс Засгийн газар, Сангийн яам дээрх байгууллагын өмчлөгч учраас хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр хуримтлагдсан мөнгийг зөв менежментээр удирдуулж өсгөх хэрэгтэй. Ингэснээр 150 төгрөгийн ногдол ашиг арав дахин нэмэгдэх боломжийг олгох нь чухал. Үхмэл хөрөнгө байлгахаас илүү тусгай менежментийн аргаар үржүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч, ашигтай сан болговол үр дүнтэй.

-Урт нэртэй байгууллагын нэг нь Үнэт цаас, төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв. Тус байгууллагыг Засгийн газраас үйл ажиллагааг нь хоёр хэсэгт салгахаар болсон. Энэхүү ажлыг ямар үе шаттайгаар зохион байгуулж байгаа вэ?

-Хөрөнгийн зах зээлийг зөв хөгжүүлэхэд эхлээд дэд бүтцийг нь засах хэрэгтэй байна. Засгийн газрын тогтоолын дагуу үйл ажиллагааг нь салгах ажил одоо өрнөж байгаа. Ингэснээр нэг нь үнэт цаасны төлбөр тооцоог гүйцэтгэх бол, нөгөө нь төвлөрсөн хадгаламжийн үүргээ цаашид гүйцэтгээд явах юм. Өмнө нь нэг байгууллагаас дээрх хоёр үйлчилгээг үзүүлж ирсэн. Тооцооны буюу Клирингийн төвийн хувьд бие даасан байдлаар ажиллана. Бусад орны туршлагаас харахад тус тусдаа хөгжсөн байдаг. Үүнийг зах зээлийн шаардлага гэж үзэж болно. Тиймээс манайх зах зээлийн жишгийн дагуу дээрх зохион байгуулалтыг хийж байна. Цаашдаа үйл ажиллагааны давхардал арилж, зах зээл эрчимжих үед ачаалал багасна. Мөн эрсдэлээ хянахын зэрэгцээ цар хүрээ нь ч маш тодорхой болох юм. Төлбөр, тооцоо түргэн хугацаанд хийгдэж, хөрөнгө оруулагчдын хувьд ч таатай байдал үүснэ гэж харж байгаа.

-Хөгжиж буй зах зээлийн гол тоглогчид нь үнэт цаасны компаниуд. Тэдний гүйцэтгэх үүрэг зах зээлд маш чухлаар тавигдаж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй компани шинэ сорилтын өмнө бэлэн үү?

-Брокер дилерийн компаниудыг чадавхжуулах, өөрийн хөрөнгийн үнэлгээг нь нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын өрсөлдөөнийг өрнүүлэх шаардлагатай байгаа. Хорооны зүгээс ч зах зээлийн өрсөлдөх чадварыг сайжруулах үүднээс Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг саяхан байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд 13 зорилт дэвшүүлж, 40 гаруй ажлыг нэг жилийн хугацаанд хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна гишүүн байгууллагынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн тус холбоог өөрийгөө зохицуулах байгууллагаар шинээр бүртгэсэн. Тодорхой эрх мэдлийг мэргэжлийн холбоонд олгосноор ахиц дэвшил гарна гэж харж байгаа.

-Монголын хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэсэн. Үүнээс гадна хорооны нэгдсэн шалгалт орсон байгаа. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд ажлын хэсэг ямар дүгнэлт хийсэн бэ?

-Хөрөнгийн биржийн өнөөгийн үйл ажиллагаанд сүүлийн долоон жилийн хугацаанд шалгалт орж, ямар нэгэн үнэлгээ, дүгнэлтийг урьд өмнө нь өгч байгаагүй юм билээ. Тиймээс Хорооноос нэгдсэн шалгалт хийж Хөрөнгийн бирж зах зээлийн дүрэм журмынхаа дагуу ажиллаж байна уу, бусад орны хэрэгжүүлж буй стандарттай харьцуулахад ямар түвшинд байгааг олж тогтоохыг эрмэлзсэн. Шалгалтын дүгнэлтээс харахад, Хөрөнгийн биржид хууль эрх зүйн хүрээнд боломж олгох шаардлагатай байгаа нь харагдсан. Мөн шинээр нэвтрүүлсэн программ хангамжаа бусад оролцогч байгууллагынхаа үйл ажиллагаатай уялдуулах, бизнесийн байгууллага шиг зах зээлээ мэдэрч ажиллах шаардлагатай байна. Хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлд зах зээлд оролцогч, эрх ашиг нь биржийн үйл ажиллагаатай холбоотой оролцогч нараас ТУЗ-ийг шинээр бүрдүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Биржийн үйл ажиллагааг сайжруулахад ТУЗ-ийн үүрэг, нөлөө их.

 

МАШ САЙН ТӨСӨЛТЭЙ КОМПАНИУДЫН ХУВЬД БОНД ГАРГАХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ

-Хөрөнгийн зах зээлд хувьцааны хэт их төвлөрөл бий болсон. Үүнээс шалтгаалж арилжааны идэвх эрс суларсан байдаг. Арилжаанд идэвхтэй оролцохыг сонирхогчид Засгийн газрын бондоос өөр чанартай, өгөөж авчирах бүтээгдэхүүн хөрөнгийн бирж дээр алга гэж тайлбарлаж байна. Үүнийг бодлогоор хэрхэн идэвхжүүлэх вэ?

-Чанартай бүтээгдэхүүнтэй, үүрэг, хариуцлагаа ухамсарласан компаниуд гараад ирвэл биржийн үйл ажиллагаанд эрс өөрчлөлт гарна. Хувьцаа нь арилжаанд идэвхтэй оролцдог, ногдол ашгаа тогтмол тараадаг сайн засаглалтай компанийг биржийн нэгдүгээр самбарт бүртгэх шаардлага үүсч таарна. Өнгөрсөн түүхэн 25 жилийн хугацаанд зөвхөн төрийн өмчит компанийг хувьд шилжүүлж, иргэдэд хувьчлах эрхийг нь олгосон ягаан, цэнхэр тасалбарыг л арилжаалсан. Энэ нь иргэдийг зарим талаар эргэлзээнд оруулсан гэж хэлж болно. Хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхлыг татсан эрэлттэй бүтээгдэхүүн л хэрэгтэй байна.

-Бондын зах зогсонги байдалд орсон уу?

-Бондын зах хөдлөхөө байсан. Засгийн газрын бонд л ганцхан зарагдаж байна. Компаниудын бонд гэж байхгүй болчихсон. Засгийн газрын хувьд шинээр нэмж бонд гаргаж чадахгүй байх. Харин одоо гаргасан бондын хоёр дахь арилжааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллах шаардлага бий. Мөнгөний захаар дамжин арилжаалж буй бондын хэмжээг аль болох багасгаж, хөрөнгийн захаар арилжаалах бондыг хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Монголбанкинд тавьсан байгаа. Ойрын үед хэмжээ нь нэмэгдэнэ.

-Танайд компаниуд бонд гаргахаар хандаж байна уу?

-Маш сайн төсөлтэй компаниудын хувьд бонд гаргах боломж нээлттэй. Хороо болон Хөрөнгийн биржийн зүгээс дэмжих, мэргэжлийн зөвлөгөө үзүүлэхэд бэлэн байгаа. Хөрөнгөөр баталгаажсан бонд гаргахаар хэд хэдэн компани хандсан. Зах зээлд эрүүл өрсөлдөөн чухал. Тиймээс хувийн биржийн системийг зөвшөөрсөн. Өрсөлдөж байж л зах зээл шинэ голдрилд ордог. Ер нь эх үүсвэрийн өртгийг бууруулахаар судалж байна.

-Хөрөнгийн бирж дээр нийт хэчнээн хувьцаа бүртгэлтэй байгаа вэ?

-Арилжаанд бүртгэгдсэн нийт 15 тэрбум ширхэг хувьцаа буюу бүтээгдэхүүн байна. Энэхүү 15 тэрбум ширхэг хувьцааны 60-70 хувийг нь төрийн өмчийн буюу төрийн өмчийн оролцоотой компаниудын хувьцаа эзэлдэг. Эдгээ хувьцааны арилжаа нь идэвхтэй бус. Тиймээс үүнийгээ эрэлттэй бүтээгдэхүүн болгох, эсвэл бирж дээр зарахаар тавьдагаа болих хэрэгтэй. Ашиггүй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй байгаа бүтээгдэхүүнийг цаашдаа арилжаанаас хасна. Энэ нь нийт хувьцааны тоонд байхаар идэвхтэй арилжаалах хувьцааны дүнд сөргөөр нөлөөлөх болсон нь манай биржийн самбарыг муухай харагдуулж байна.

-Төрийн өмчийг хувьчлах, шинээр өөрчлөн байгуулах жагсаалтад эхний ээлжинд 15 аж ахуйн нэгж, үйлдвэрийн газар багтсан. Үүнээс есийнх нь нийт хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн биржид гаргахаар бэлтгэж байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн өнөөгийн удаашралд сэргэлт болж чадах болов уу?

-Хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, сэргэлт гаргах гэж л төрөөс нийт хувьцааных нь 30 хувийг арилжаалах шийдвэр гаргасан. Төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийг хувьчлах, тэр тусмаа хөрөнгийн биржээр дамжуулан шинээр өөрчлөн байгуулах нь ирээдүйг харсан шийдэл. Гэхдээ гаргаж буй бүтээгдэхүүн маань эрэлттэй байх ёстой. Тиймээс хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, тайлагнал болон засаглалын үзүүлэлтийг чанаржуулах, хөрөнгийн үнэлгээг сайтар хийх хэрэгтэй байна. Үнэд хүргэхийн тулд нүүрийг нь угааж, шинэ хувцас өмсгөх шаардлагатай болсон. Түүнчлэн хэнд хувьцааг арилжаалах вэ гэдгээ өмнө нь тодорхойлсон байх учиртай. Эдгээр нөхцөлийг урьдчилан хангаж чадаагүй тохиолдолд үнэд хүрэхгүй шүү гэдгийг манайхаас сануулж байгаа.

- Ямар бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байх боломжтой вэ?

-Манай зах зээлд хамгийн идэвхтэй байхуйц бүтээгдэхүүн бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа ордуудад үндэслэж гадаадын биржүүдэд гарсан бүртгэлтэй хувьцаа. Олон улсын хэмжээнд идэвхтэй арилжаанд оролцож байгаа 48 компанийн хувьцааг Монголдоо давхар бүртгэлтэй болгохоор судалж, нааштай үр дүнд хүргэхээр ажиллаж байна. Тухайн хувьцаа бүртгэлтэй байгаа биржтэй холбоо тогтоож, хамтын ажиллагааны хүрээнд давхар бүртгэх, олон улсын үнэт цаасны зах зээлийн гишүүн байгууллагынхаа шугамаар зохицуулах байгууллагатай нь харилцаж, ажил хэргийн уулзалт эхлүүлсэн. Томоохон биржүүдийн стандартыг хангасан учраас манайх шууд бүртгэх боломжтой.

-Өнгөрсөн хугацаанд нийт хэчнээн компани дотоодын хөрөнгийн анхдагч зах зээлд хэчнээн хувьцаа гаргасан бэ?

-Түүхэн хугацаанд нийт 12 компани л хувьцаагаа худалдаж санхүүжилт босгосон байдаг. Бидний хувьд жилдээ 3-5 компани хувьцаагаа гаргах орчныг бүрдүүлэхээр зорьж байна. Зах зээлд өөрийгөө зохицуулах гурван байгууллага бий болсон. Эдгээр байгууллага гишүүн байгууллагынхаа хүрээнд зохицуулалт хийх юм. Давхардсан бүртгэлийн журамд өөрчлөлт оруулж хяналт, бүртгэлийн системийг шинэчилж байна. Ингэснээр хувьцаа болон бонд гаргах шат дамжлага бүртгэл, хяналтын түвшинд их цаг хэмнэнэ.

 

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛЖ, САЛБАРЫН ХЭМЖЭЭНД НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛСЭН

-Санхүүгийн бүтцээ аваад үзвэл банкны салбар давамгайлж буй. Нэг тулгуурт бүтцээс олон тулгуурт руу шилжих шаардлага бий. Хорооноос бусад зах зээлийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Тэнцвэртэй буюу зохистой зах зээлийн бүтэц рүү чиглэж байна. Сайн хөгжсөн банкны салбар дээрээ түшиглэж хөрөнгийн захаа хөгжүүлэх учиртай. Банк, хөрөнгийн зах тусгаар хөгжих боломжгүй. Хамтдаа нэгдмэл байснаар илүү үр ашигтай. Дэлхийн санхүүгийн ажил үйлчилгээ нэг болж байна. Банк даатгал, анддерайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх болсон. Зөвхөн Хороо хөрөнгийн захыг, банкны асуудлыг Төв банк мэднэ гэвэл дэлхийн зохицуулалтын чиг хандлагаас ухарч буй хэрэг. Бидний тухайд хэдэн алхам хоцорсон. Тиймээс Хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг үндсээр нь өөрчилж байна.

-Улаанбаатар хотыг олон улсын санхүүгийн төв болгох зорилтыг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх 2025 үндэсний хөтөлбөрт тодорхойлсон байна. Үүнийг ирэх арван жилийн хугацаанд төлөвлөж байгаа юу?

-Зовлонгоо тоолоод суух бус, байгаа боломжоо олж харах нь чухал байдаг. Тиймээс санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, салбарын хэмжээнд нээлттэйгээр хэлэлцүүлсэн. Салбарынхаа алсын хараатай өнөөгийн хийж, хэрэгжүүлж буй ажлаа уялдуулах, төлөвлөх шаардлагатай болсон. Уг стратегийн дагуу ирэх арван жилийн дараа гэхэд санхүүгийн зах зээлийн дөрвөн салбар ямар түвшинд хүрсэн байхыг зурагласан юм. Хэрэв тодорхой бодлогын зорилтуудаа хугацаанд нь хэрэгжүүлж, гүйцэтгэлээ хангавал бүс нутагтаа өрсөлдөхүйц томоохон санхүүгийн төв болох боломжтой гэж харж байгаа. Хөгжлийн бодлогоо тодорхойлсон бодлогын баримт бичиг өмнө нь байгаагүй юм билээ. Жил жилийн мөнгөний бодлогод тухайн жилээ төлөвлөж ирсэн байдаг.

-Эдийн засагт гүйцэтгэх санхүүгийн зах зээлийн үүрэг, оролцоо төсөөлж байснаас хангалтгүй байгааг зарим судлаач хэлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санхүүгийн зах зээл нь эдийн засгийн өсөлтийг дэмждэг томоохон хөшүүргийн нэг. Гэвч эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр гэвэл ердөө дөрвөн хувиас хэтрэхгүй байна. Үүнийг ирэх арван жилийн хугацаанд нэг дахин өсгөх боломжтой. Зах зээлд ийм нөөц, чадавх байгааг судалгаагаар гаргасан учраас дээрх зорилтыг дэвшүүлж байгаа юм. Энэхүү зорилтод хүрэхэд макро эдийн засгийн орчин тогтвортой, таатай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн стратеги хоорондоо ижил зорилготой байснаар богино хугацаанд эдийн засагт шинэ “дархлаа”-г бий болгож чадна. Макро эдийн засаг бодит хөрсөн дээрээ бууж, инфляци нэг оронтой тоо руу орж ирлээ. Эдийн засгийн “хөөс” дарагдаж, хөгжлөө бодитой төлөвлөх боломж нэг талаар гарсан.

- Үндэсний хөтөлбөрийг УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ?

-Сангийн яам болон Монголбанктай хамтарсан ажлын хэсэг уг хөтөлбөр дээр ажиллаж байна. Мөн Олон улсын байгууллагын техникийн туслалцаанаас гадна дотоодын зөвлөхүүд оролцож байгаа. Намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

-Санхүүгийн зах зээл хөгжүүлэх эрх зүйн орчин хангалттай бүрдсэн үү?

-Хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн. Бизнесийн утгаараа ч сонирхол татахуйц болж байна. Эдийн засгийг хурдан хөгжүүлье гэвэл санхүүгийн зах зээлээ хөгжүүлэх ёстой. Санхүүгийн зах зээлээ хөгжүүлье гэвэл хуулийн салбараа сайн хөгжүүлэх шаардлагатай болж байна. Энэ зах зээлийн нийт ажил үйлчилгээний 80 гаруй хувь нь гэрээ хэлцэл дээр явагдаж байдаг. Бизнесийн хэл бол гэрээ хэлцэл. Үүгээр мэргэшсэн хуульч өнөөдөр үгүйлэгдэж байна. Олон улсын мэргэшсэн санхүүгийн зах зээлд 1200 гаруй компани бүртгэлтэй байлаа гэхэд үүний 400 орчим нь хууль эрх зүйн компани байх жишээтэй. Тиймээс үндэсний хөтөлбөрт дээрх асуудлыг суулгаж, тодорхой ажлыг мэргэжлийн холбоотой нь хамтарч хийхээр төлөвлөж байна. 

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин 2015.11.17