Нэмэгдсэн: 2015-10-30 17:07:00

Монголын Санхүүгийн зах зээл Арилжааны банкууд дээр тогтож буй системийг халах хөтөлбөрийг Санхүүгийн зохицуулах хороо, Сангйн яам, Монгол банктай хамтран боловсруулаад байна. Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэлх шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагууд болон компаниудад танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр Банк Санхүүгийн Академи дээр зохион байгууллаа. Тус хөтөлбөрт мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгаж УИХ-д өргөн барих юм байна. Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн хөгжлийн газрын дарга А.Батпүрэв ярихдаа, “Санхүүгийн зах зээлийг 2025 он гэхэд олон улгууртай болгох зорилтыг дээрх хөтөлбөрт дэвшүүллээ. Эл хөтөлбөр нь өндөр хүүтэй зээл, арилжааны банкууд давамгайлсан санхүүгийн зах зээлээс иргэдийн хуримтлалыг үр ашигтай болгох, урт хугацааны том төслүүдийг санхүүжүүлэх цогц тогтолцоог бий болгоход чиглэж буй юм. Санхүүгийн зах зээл бол зөвхөн даатгал, үнэт цаасаар хэмжигдэхгүй, бодит эдийн засгийн өсөлтийг дэмждэгээрээ онцлогтой. Хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний үе шатад санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, хууль эрхзүйн орчноо бүрдүүлэх, олон нийтийг санхүүгийн мэдлэгтэй болгохоос эхлэн урьдач нөхцлийг бий болгоно. Үүни дараа шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх юм. Шинэчлэлийн бодлогод төрийн халамж, дэмжлэгийг даатгалын хэлбэрт шилжүүлэх, шинэ төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх, урт хугацаат хямд хөрөнгө эх үүсвэр татах, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байна” гэлээ.
Санхүүгийн зах зээлийн 2025 он хүртэлх хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр боловсруулагчид зах зээлийн өрсөлдөх чадварыг бэхжүүлж, олон улсын интеграцчилалд нэгдэх, санхүүгийн салбарын хөгжлөөр бүс нутагтаа тэргүүлэх хэмжээнд хүрнэ хэмээн үзэж байна.

Эх сурвалж: www.montsame.mn