Нэмэгдсэн: 2014-11-13 01:50:25

Даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд бичгээр үйлдээгүй тохиолдолд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцогддог. Ердийн даатгалын буюу эд хөрөнгө, хариуцлагын даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын компанийн хувьд даатгалын гэрээний хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тохиролцож болох боловч ихэнх тохиолдолд 365 хоног буюу 1 жилийн хугацаатайгаар хийгдэж байдаг. Харин урт хугацааны даатгалын компанийн хувьд даатгуулагчтай 1 жилээс дээш хугацаагаар тохирч эрсдэлийг нь хариуцан даатгуулагчийн өмнө үүрэг хүлээдэг. Даатгалын гэрээг байгуулахдаа иргэн та дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:

1.  Даатгалын гэрээг байгуулахдаа даатгуулагчийн зүгээс гол анхаарах асуудал нь даатгуулж байгаа эд хөрөнгө, эрүүл мэнд, хариуцлагын талаараа үнэн зөв, бүрэн мэдээллийг даатгалын компанид мэдүүлэх үүрэгтэй байдаг. Энэ нь даатгаж байгаа тухайн компанийн хувьд таны эрсдэлийн түвшин, хохирол гарах магадлалыг тооцож үзэх, ингэснээр таны төлөх хураамжийн хэмжээг үнэн бодитой тодорхойлох ач холбогдолтой юм. Бүрэн бус, дутуу эсвэл худал мэдээлэл өгч даатгуулсан нь тогтоогдвол даатгалын байгууллага гэрээг цуцлах эсвэл нөхөн төлбөрөөс бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах эрхтэй байдаг.

ЖИШЭЭ: Даатгуулагч анх даатгалын компанид амь нас, эрүүл мэндийн даатгалаар даатгуулахдаа өөрийн эрхэлдэг ажлын талаар санаатай худал мэдээлэл өгч, энэ мэдээлэл нь буруу гэдгийг даатгалын компани олж тогтоовол даатгалын гэрээ цуцлагдаж, энэ тохиолдолд даатгалын хураамжийг даатгуулагчид буцаан олгодоггүй.

2. Даатгалын гэрээнд заасан даатгагдсан эрсдэлүүд болон даатгагдаагүй эрсдэлүүдээ сайтар уншиж, ойлгох. Өөрөөр хэлбэл даатгагдсан хөрөнгө, эрүүл мэнд, хариуцлагад хохирол учруулсан шалтгаан нь даатгалын компанийн нөхөн төлбөр төлөхөөр тохиролцсон эрсдэл мөн эсэх талаар анхнаасаа зөв ойлголттой байж чадсанаар үл ойлголцол, маргаан гарахаас сэргийлж чадна.

ЖИШЭЭ: Иргэд даатгуулагчид жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгал гэсэн 2 өөр төрлийн даатгалыг ялгаж салгаж ойлгох шаардлагатай байдаг. Жолоочийн хариуцлагын даатгал бол зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ хуулийн дагуу заавал даатгуулах шаардлагатай байдаг бөгөөд жолооч таны өөрийн машин, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бус, харин таны бусдын тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө, эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлдөг даатгал байдаг. Тээврийн хэрэгслийн даатгал бол жолооч та сайн дураар даатгуулж болдог бөгөөд өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлдөг даатгал юм.

3.  Даатгалын гэрээний хугацааны туршид даатгалын зүйлийн эзэмшил, байршил, үнэлгээ болон бусад эрсдэлд нөлөөлөх мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдлуудад энэ тухай даатгагчид заавал мэдэгдэж гэрээнд өөрчлөлт оруулах үүрэгтэй байдаг.

ЖИШЭЭ: Иргэн "А" өөрийн автомашинаа жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулснаас 6 сарын дараа иргэн "Б"-д зарсан бол даатгалын гэрээн дэх автомашины өмчлөгч өөрчлөгдөж байгаа учир энэ тухай өөрийн даатгуулсан компанид заавал мэдэгдэх үүрэгтэй юм.

4. Даатгалын хураамжийн төлөх хугацааг гэрээнд зааж өгөх боловч ихэнх тохиолдолд даатгагчтай гэрээ байгуулах үедээ нэг удаа бөөнөөр нь төлөх бөгөөд зарим тохиолдолд даатгалын гэрээндээ үе шаттайгаар цувруулан төлөхөөр зааж өгч болно. Хэрэв хураамжаа цувруулан төлөхөөр тохиролцон даатгуулагч хураамжаа бүрэн төлөөгүй байх үед хохирол учирсан тохиолдолд даатгагч хохирлыг бүрэн хэмжээгээр олгох ёстой байдаг. 

ЖИШЭЭ: Иргэн "Б" орон сууцны хариуцлагын даатгалд 1,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр сар бүр 1,000 төгрөг төлөхөөр "Б" даатгалын компанитай тохиролцож хураамжаа төлж эхэлсэн бөгөөд 2 сарын дараа хохирол гарч 800,000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ тохиолдолд иргэн "Б" хэдийгээр хоёрхон сар даатгалын хураамжийг төлсөн боловч даатгалын компаниас 100%  буюу 1,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулан авна гэсэн үг юм. 

 

www.news.mn