Нэмэгдсэн: 2015-10-01 13:19:00

СЗХ-ны дарга БНСУ-д албан айлчлал хийж байна

 

Тус Хорооны дарга З.Нарантуяа 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Солонгосын Үнэт цаасны санхүүжилтийн корпораци (СҮЦСК)-ийн захирал ноён Пак Жэйсикийн урилгаар тус байгууллагын 60 жилийн ойд зориулсан Олон улсын чуулга уулзалтад оролцож байна. 

СҮЦСК нь 1955 онд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд үнэт цаасаар баталгаажсан зээл олгох, хөрөнгө оруулагчдын хадгаламжийг санхүүгийн хөрөнгө оруулалтын компаниудаар дамжуулан удирдах зэргээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг БНСУ-ын үнэт цаасны зах зээл дэх гол байгууллага юм.

Энэхүү айлчлалын эхний өдөр тус байгууллагатай харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд харилцан мэдээлэл солилцож, үнэт цаасны зах зээлд санхүүжилт, хөрөнгө оруулалтыг сайжруулах, Хорооны чадавхийг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллах юм.

Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хорооны дарга ноён Им Жун-Ён, Санхүүгийн хяналтын хорооны дарга ноён Жин Вун-Сеобтой уулзах бөгөөд хоёр улсын санхүүгийн салбарын өнөөгийн байдал болон Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг тэр дундаа үнэт цаас болон даатгалын зах зээлийн хөгжлийг идэвхижүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх зэрэг сэдвүүдээр хамтран ажиллахаар төлөвлөж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.